Эрчим хүчний хараат байдлаас ангижрахад туслах Чаргайтын усан цахилгаан станц

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-12-07 16:27:42

Монголд анх удаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар усан цахилгаан станц барьж байгуулах ажил яригдаж эхэллээ. Энэ бол Хөвсгөл аймгийн төвөөс 50 километр, Тосонцэнгэл сумаас 28 километр зайд Төмөрбулаг сумын нутагт Монголын томоохон голуудын нэг болох Дэлгэрмөрөнг түшиглэн баригдах Чаргайтын усан цахилгаан станц. 


Чаргайтын усан цахилгаан станцын төсөл одоо л эхэлж буй шинэ зүйл биш юм. Судалгааны ажил нь 2008 эхэлсэн бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг нь 2012 онд монгол эрдэмтэд боловсруулсан байдаг. Түүнээс таван жилийн дараа буюу 2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос уг усан цахилгаан станцын барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрөл олгож, Байгаль орчин аялал жуулчлалын яам байгаль орчны ерөнхий үнэлгээ хийжээ. Ингээд хөрөнгө оруулалтын компаниудтай холбоо тогтоох, барилга байгууламж барих компаниудтай хамтрах үйл явцыг эхлүүлэх гэх зэргээр үндсэндээ 13 жилийн хугацаа өнгөрсөн учир төслийн ТЭЗҮ-ийг дахин шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагатай болсон. Одоо “Чаргайт Усан Цахилгаан Станц” компани уг төслийг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд болгохоор ажиллаж байгаа юм.



                                                                                                                           Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум. Дэлгэрмөрөн

24.6 мегаВатт хүчин чадалтай, жилд 116.6 сая килоВатт эрчим хүч үйлдвэрлэх энэ усан цахилгаан станц баригдсанаар орон нутагтаа төдийгүй төвийн эрчим хүчний системийн тохируулгад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тооцож байгаа юм. Ердөө хагас хүчин чадлаараа ажиллахад л Монгол Улсын хамгийн их хүн амтай Хөвсгөл аймгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах юм гэж төслийн багийнхан тайлбарлаж байна.


Монгол Улсын хүн ам хурдацтай өсч байгаа, тэр хэрээр цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг тогтвортой, найдвартай эх үүсвэрээс хангаж байх асуудал нэн чухал болж байна. Манай улсын хувьд эрчим хүчний систем нь нүүрснээс ихээхэн хамааралтай улс орнуудын тоонд ордог. Эрчим хүчний салбар нь нийт ялгарч буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг нь үүсгэдэг учир агаарын бохирдолд нэмэр үзүүлж, хүн амын эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Хэрэв байгаль орчинд ээлтэй шийдэл гарцыг олж, зөв алхам хийж чадахгүй байвал дээрх тоо улам өсөн нэмэгдэх нь тодорхой. Тиймээс ч сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарал хандуулах зүй ёсны шаардлага хэдийнээ тулгарчихсан хэрэг.


Манайх цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг дотоод эх үүсвэрээс, үлдэх 20 хувийг нь хойд, урд хөршөөс авдаг. Дотоодод үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 90-ээс илүү хувийг нүүрсээр ажилладаг дулааны станцуудын эрчим хүч үйлдвэрлэл эзэлж байна. Харин усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэл 1 хувьд ч хүрээгүй яваа.


Чаргайтын усан цахилгаан станц нь эрчим хүчний үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрээ оруулахаас гадна орон нутгийн дэд бүтцэд сайн нөлөөгөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль экологийн тэнцвэрт байдал, нөхөн сэргээлтэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх юм.  Мөн бүрэн болон хэсэгчилсэн байдлаар үерийн усыг хуримтлуулах шийдэл нь үерийн усны аюулаас сэргийлэх, усан сан бий болсноор тухайн бүс нутгийн агаарын чийгшил нэмэгдэж цаг уурын таатай нөхцөл бүрдэх ач холбогдолтой ч байдаг байна.

 


                                                                                                              Чаргайтын усан цахилгаан станцын байршлын сонголт

Нүүрсний эх үүсгэвэрт тулгуурласан эрчим хүч үйлдвэрлэлийг багасгах нь дэлхий нийтийн чиг хандлага, улс орнуудын хөгжлийн бодлогын нэг хэсэг нь болсон. Энэ ч үүднээс олон талт эрчим хүчний эх үүсвэр бий болгоход хувийн хэвшил зориглон орж ирж байгаа нь сайн хэрэг. Дотоодын нөөц бололцоогоор хэрэгцээгээ хангахад хувь нэмрээ оруулах Чаргайтын усан цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулагчдыг татах, туршлага чадвартай мэргэжлийн компаниудыг сонгон шалгаруулах ажил одоо нээлттэй байна.

 

Эрчим хүчээ дотооддоо бүрэн үйлдвэрлэж, энэ салбар дахь хараат байдлыг арилгах төлөвлөгөөний нэг хэсгийг Чаргайтын усан цахилгаан станц биелүүлж ажиллах юм. Манайд одоогоор бага оврын 11 усан цахилгаан станц цаг уурын нөхцлөөс шалтгаалан дулааны улиралд,  дунд орвын Тайширын болон Дөргөний усан цахилгаан станц жилийн дөрвөн улирлын туршид өөр өөрийн хүчин чадлын хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэж байна.


Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон, эрчим хүчний нэгдсэн системд ачаалал үүрэлцэх, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хамжиж хангах томоохон хүчин чадал бүхий Чаргайтын усан цахилгаан станцын төслийн үргэлжлэх хугацааг одоогоор 60 жил гэж тооцжээ.

 

Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14 хувиар бууруулах зорилт тавьсан манай улсын хувьд түүхий нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг арга технологио сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр сэлбэн хүч нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шилдэг шийдэл бол усан цахилгаан станц. Тиймээс ч цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулахыг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Засгийн Газрын зүгээс мэдэгдэж байгаа. Эрчим хүчний хараат байдлаас гарч дотоодоосоо эрчим хүчний хэрэглээгээ хангах, томоохон усан цахилгаан станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, энэ салбарын эдийн засгийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд төрийн дэмжлэгийг бүх талаас нь үзүүлэх бодлого хэрэгжүүлэхээ ч зарласан. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд Оюутолгой компани л гэхэд 110-120 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг урд хөрш улсаас импортлон авч байна.


Эдийн засгийн үр нөлөө, ирээдүйд улам өсөн нэмэгдэх хэрэглээ зэргийг аль ч талаас нь тооцсон Монгол Улсад эрчим хүчний олон эх үүсвэр онцгой хэрэгтэй. Цахилгаан дулааны станцууд цөм түүхий нүүрсийг үйл ажиллагаандаа ашигладаг, айл өрхүүдийн олонхи нь түлшээр дулаанаа шийддэг, агаарын бохирдол өндөр хэмжээнд хүрсэн улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний олон эх үүсвэрт үйлдвэрлэл чухлаас чухал билээ.  Түүнчлэн манай улсын дулаан, цахилгааны үйлдвэрлэх чадамж хэрэглээнээсээ багагүй хоцорсон, олон удаа аваарын зогсолт хийх болсон нь шинэ үйлдвэрлэлийг бий болгох, шинэ эх үүсвэрүүдтэй болохыг зүй ёсоор шаардаж байгаа хэрэг. Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангадаг болох, түүгээр ч зогсохгүй эрчим хүч экспортлох хэтийн төлөвлөгөөтэй ч байх учиртай. Чаргайтын усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр энэ төлөвлөгөөний нэг хэсэг нь биелэх юм. 




Холбоотой мэдээ