“Оюуны болон ногоон баялгийг бүтээе” өдөрлөг боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-11-29 12:07:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль, “Дархан Хоггүй ирээдүй” НҮТББ хамтран “Оюуны болон ногоон баялгийг бүтээе” өдөрлөгийг өнөөдөр Залуучууд театрт зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд номын худалдаа, солилцоо, хандивын үйл ажиллагаа болов. Мөн эх үүсвэр дээр хаягдал цаас ангилан ялгах зааварчилгааны дагуу иргэдээс цуглуулсан хаягдал цаасыг хүлээн авлаа. Өдөрлөгт номын худалдаа үйлчилгээ эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд мөн хоёрдогч түүхий эд буюу хаягдал цаасаар бүтээгдэхүүн хийж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг хувиараа бизнес эрхлэгчид, байгууллагууд оролцжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Зохиолчдын холбооныхон урилгаар оролцсон ба зочид, оролцогчид “Зочин индэр”-т өөрсдийн номоо танилцуулж, ном унших ач холбогдлын талаар харилцан яриа өрнүүллээ.

Хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөний хүрээнд аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд хаягдал цаас ашиглан хийсэн бүтээлийн уралдаанд оролцсон бүтээлүүдийг ч дэлгэн тавьж олонд танилцууллаа

Холбоотой мэдээ