Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг анхааруулж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-11-28 14:52:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Баянтэс сумын “Зайгал” багийн нутагт өвөлжиж байсан малчин Б-ийн гэрийг хүрэн баавгай сүйтгэжээ.

Тухайн айл нь отроор хоёр гэртэй нүүдэллэж байсан бөгөөд баавгай нэг гэрийг нь сүйтгэсэн. Хүн рүү дайрсан мэдээлэл байхгүй байна. Ер нь энэ жил бэлчээрийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн, адуу барьсан. Төөрсөн бамбарууш малын бэлчээрт үзэгдсэн, гэсэн таван дуудлага мэдээлэл ирсэн. Тиймээс иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Өнгөрсөн намраас баавгай суурьшлын бүсэд үзэгдэх болсон нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй. Иймд малчид, иргэд анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх. Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд, малчдыг хээр баавгайтай тааралдсан тохиолдолд бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг авах хэрэгтэйг зөвлөж байна. 

Ер нь амьтдын жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан. Тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан. Мөн худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох. Хоёроос найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтанд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай. Тухайлбал, хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай 7 сая төгрөгийн үнэтэй гэж аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ