АНУ-ын Төлөөлөгчдийн танхим нийгэм, уур амьсгалын зардлын төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-20 11:32:32

ВАШИНГТОН. /NBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим нийгмийн салбарын зардлыг өргөтгөж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилго бүхий 1.75 их наяд ам.долларын төсөв бүхий төслийг баасан гарагт баталжээ.


Төлөөлөгчдийн танхим энэхүү баримт бичгийг 220-213 саналын харьцаатайгаар баталсан бөгөөд Бүгд найрамдах намын бүх гишүүн, Ардчилсан намын нэг гишүүн эсрэг санал өгсөн байна. Одоо энэхүү төслийн талаарх хэлэлцүүлэг Сенатын танхимд үргэлжилнэ.


Сенатын танхимын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумерын хувьд төслийн талаарх санал хураалтыг зул сарын баяраас өмнө явуулна гэдэгт найдаж байна. Сенат Ардчилсан намын 50 гишүүний бүгдийн дэмжлэгийг авахын тулд зарим өөрчлөлтийг оруулах төлөвтэй байгаа бөгөөд ингэвэл Төлөөлөгчдийн танхимд дахин санал хураалт явагдана.


Энэхүү төсөлд цэвэр эрчим хүч, уур амьсгалын салбарт 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хүүхдийн асаргаа, сургуулийн өмнөх боловсролд 400 тэрбум ам.доллар, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаанд 150 тэрбум ам.долларыг зориулахаар төсөвлөжээ.


АНУ-ын Конгресс зам, гүүр, төмөр зам тэргүүтэй дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах 1.2 их наяд ам.долларын төслийг хоёр долоо хоногийн өмнө, цар тахлын үед эдийн засгаа дэмжих 1.9 их наяд ам.долларын төсвийг энэ оны эхээр баталсан билээ. 

Холбоотой мэдээ