Наадмын үеэр хулгайн гэмт хэрэг нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 16:44:33

Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлыг далимдуулан бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг нэмэгдсэн талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэрэжилтэн, Цагдаагийн ахмад Б.Саруултуяа мэдээлэв.

Өчигдөр буюу энэ сарын 11-нд ЦЕГ-ын 102 дуудлагын утсанд гэмт хэрэг, зөрчлийн  шинжтэй 1600 гаруй дуудлага ирсэн байна. Үүний дийлэнхийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Тодруулабал, халаасны хулгай, автомашин тонох, орон байрны хулгайн дуудлага их байлаа хэмээв.

Тэрбээр, “Иргэд гадуур явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Мөн гэрээ эзгүй орхихгүй байх, орхисон тохиолдолд хөрш айлдаа захих зэргээр эд зүйлсээ хамгаалах нь зөв.Мөн орон нутагт аялалаар явж буй иргэд үер ус, гал түймрийн аюулаас болгоомжилж, автомашины техникийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна” гэлээ

Наадмын эхний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимоос 33 хүүхэд эцэг эхээсээ төөрснийг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн өчигдөр орой Чингис хааны талбайд болсон “Улаанбаатрын үдэш цэнгүүн”-ий үеэр төөрсөн 27 хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгснийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг хэллээ.

Хүүхэд төөрсөн тохиолдолд эцэг эхтэй нь холбоо барих зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 1200 ширхэг утасны дугаар бичих бугуйвч тараасан байна. Эцэг эхчүүд бугуйвч авч амжаагүй бол утасны дугаараа бичсэн цаас, нэрийн хуудас зэргийг хүүхдийнхээ халаасанд хийж байхыг анхааруулж байна гэв.

З.Эрэвгийлхам

Холбоотой мэдээ