Италийн “Calzedonia” компани ноолуурын салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-18 09:38:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Итали улсын “Calzedonia” компанийн төлөөлөл Итали Улс дахь Монгол Улсын өргөмжит консул ноён Паоло Бонетти нар МҮХАҮТ-ын удирдлагатай уулзлаа. Уулзалтаар ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн дээрх компани энэ салбарт Монголын талтай хамтарч ажиллахаа илэрхийлж, түүхий эд бэлтгэл, тээвэрлэлтийн талаар мөн санал солилцон ярилцлаа.




МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын ноос, ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тээвэрлэлтийн талаар товч мэдээлж, Засгийн газраас экспортыг дэмжихэд онцгой анхаарч байгаагийн дээр тус салбарыг кластераар хөгжүүлэх бодлого баримталж байгааг онцолсон юм. Түүнчлэн цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.




Ташрамд мэдээлэхэд, манай улс Итали улстай ноос, ноолуур, арьс ширний салбарт цогцолбор болон эрдэм шинжилгээ-туршилтын төв байгуулах, түүхий эд боловсруулах , экспорт-импорт хийх зэргээр түлхүү хамтран ажиллаж байна. Энэ онд Монголын “Ханбогд кашимер” компани Итали улс руу 20 тонн боловсруулсан ноолуурыг анх удаа газраар, автомашинаар тээвэрлэн экспортолсон юм. Манай улс өнгөрсөн хугацаанд Итали руу 1.9 сая ам.долларын самнасан ноолуур, хагас боловсруулсан арьс шир, ноолууран бүтээгдэхүүн гаргаад байна. Харин Италиас Монгол руу өнгөрсөн онд 40.7 сая ам.долларын хүнс, хувцас, барилгын материал, эмнэлгийн тоног төхөөрөмж импортолжээ.




Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.



Холбоотой мэдээ