ОХУ-ын гавьяат эдийн засагч М.А.Эскиндаровыг “Алтан гадас” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-16 17:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн ректор, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, ОХУ-ын гавьяат эдийн засагч М.А.Эскиндаровыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.


М.А.Эскиндаровын 70 насны ойд зориулсан ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн Хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 15-нд болсон байна. Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа шагналыг гардуулжээ.



Элчин сайд Д.Даваа “Михаил Абдурахманович Эскиндаровыг банк, санхүүгийн салбарын тэргүүлэх сургууль, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн ректороор ажиллах хугацаанд тус сургуульд суралцах Монгол оюутны тоо эрс нэмэгдсэн. Сүүлийн арав гаруй жилийн туршид жил бүр 60-70 монгол оюутан энэхүү нэр хүндтэй сургуульд олон улсад өрсөлдөхүйц  боловсролын хөтөлбөрөөр хичээллэж байгаа" хэмээв.


Тус сургуульд монгол залуучуус дэлхийн 90 орны оюутнуудтай хамт суралцдаг байна хэмээн доктор, профессор М.А.Эскиндаров шагнал гардах үедээ онцлов. Түүнчлэн, "Манай сургуулийн төгсөгчид Монгол Улсын төр засаг, банк санхүү, бизнес, аж ахуйн байгууллагад үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байгаа нь бидний ажлын үр дүн, бахархал юм. Цаашид ч манай сургуулийн анги танхим монголын олон арван шилдэг мэргэжилтнийг бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


М.А.Эскиндаров нь ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуульд 50 жил ажилласан. Үүнээс сүүлийн 15 жилийн хугацаанд тус сургуулийн ректороор ажиллаж байгаа ажээ. Тэрбээр ОХУ-ын хууль, тогтоомжийн дагуу “удирдах албан тушаал хаших дээд нас”-нд хүрсэн тул энэ өдрөөс ректорын албан тушаалаас чөлөөлөгдөж, тус сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна.


Эрдмийн зөвлөлийн ёслолын үеэр ОХУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга И.В.Шевченко ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустины захирамжаар Санхүүгийн их сургуулийн ректороор томилогдсон С.Е.Прокофьевыг хамт олонд нь танилцуулав. С.Е.Прокофьев нь ОХУ-ын Төрийн сангийн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн “Төрийн болон нутгийн удирдлага”-ын тэнхимийн эрхлэгчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Холбоотой мэдээ