Монгол Улсын эмийн бүртгэлээс 0.5 -1 кг-аар савласан "Норов-7", "Мана-4" танг хасуулах санал хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-16 13:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн захын хорооллын эмийн сангуудад импортоор орж ирдэг, 25-30 нэрийн, өргөн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслүүд ховордож, тасалдал үүсжээ.


НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн төвөөс зайдуу байршилтай 120 орчим эмийн сангаас 92-т нь хяналт шалгалт хийжээ.


Уг шалгалтаар худалдаж буй эмийн хангамж, хүртээмж болон үнийн талаарх судалгааг гаргах, чанар аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн талаар талаар НМХГ-аас өнөөдөр мэдээлсэн юм.


НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ, "Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргуулахад, 25-30 нэрийн, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний /бактерийн эсрэг, мөөгөнцрийн/ эм, эмнэлгийн хэрэгсэл /тариур/-үүд тасарсан байгаа бол, дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн, судсаар сэлбэх тарилгын шингэн ховордож тасалдал үүссэн байна. 

Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож эмийн үнийг тогтоон худалддаг.

Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусний эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Уг хязгаарыг давсан буюу 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаж байсан зөрчил Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Жэба", "Эрдэнэ суварга", "Их цахиур" ХХК-ийн эмийн сангаас илэрсэн” гэлээ.


Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, 36-г нь газар дээр нь арилгуулан, 22 ААН-д хугацаатай үүрэг өгч, биелэлтэд нь хяналт тавьж байгаа аж. 


Түүнчлэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй Хан уул мед ХХК-д зөрчлийн тухай хуулиар 3000 нэгжтэй тэнцэх, гарал үүсэл нь тодорхойгүй Жор-50 нэртэй эмийг борлуулж байсан Гладиолус Гладиолус ХХК-д 1000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүйгээр иргэнд эм борлуулсан “Ариун монгол ХХК”-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг тус тус ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг 3 байгууллагад, Ариунмонгол ХХК-ийн 0.5 кг, 1 кг-аар савласан Норов-7, Мана-4 танг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасуулах саналыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлжээ.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ