Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 22 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-11-15 14:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (22 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.7 (22 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 655.5 (25.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 100.3 (11.8 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах, хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 18.3 (18.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл энэ оны 9 дүгээр сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 12.2 (0.8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 47.9 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны 9 дүгээр сард 978.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 249.2 (20.3 хувь) тэрбум төгрөгөөр багасахад нүүрс олборлолт 339.4 (77.1 хувь) тэрбум, газрын тос олборлолт 46 (83.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төмрийн хүдэр, зэсийн баяжмал, металл агуулгаараа, хүрэн нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеэс 3.6-61.9, согтууруулах ундаа, шохой, шингэн сүү, малын мах, нүүрсэн шахмал түлш, металл бэлдэц, янжуур тамхи, баяжуулсан нүүрс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-2.1 дахин нэмэгдэв. Харин уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт хайлуур жонш, алт, чулуун нүүрсний олборлолт 3.1-12.8 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гар ариутгагч, спирт, самнасан ноолуур, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.1-72.3 хувиар багаслаа.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 18.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (39 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4.5 (52.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 4.5 (52.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 3.7 (62.4 хувь) их наяд, нүүрс олборлолтын салбарынх 477.5 (24.6 хувь) тэрбум, газрын тос олборлолтын салбарынх 344.9 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. 


Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 72.7 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 20 хувийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 5.6 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 1.7 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж, газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1.5, металлын хүдэр олборлолт 7.7 нэгж хувиар өсөж, нүүрс олборлолт 8.8, бусад ашигт малтмал олборлолт 0.4 нэгж хувиар багаслаа. 

Холбоотой мэдээ