Мэргэн сайд А.Амарын дүрийг шуудангийн маркад мөнхлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-08 16:40:01

Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр “Мэргэн сайд Амар” сэдэвт шуудангийн маркийг танилцуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Төр нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайдын албыг 2 удаа хашсан, Улсын Бага хурлын дарга асан Агданбуугийн Амарын мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож буй. Тус маркийг төрөлх Булган аймгийн Бугат сумын нутгийн зөвлөл, “Амар сайд судлал” сан, “Амар сайд” сан, “Монгол шуудан” компани, Маркийн төвийн газар эрхлэн гаргасан аж. Маркийн  зургийг “Монгол шуудан” компанийн маркийн ерөнхий зураач Ц.Цэнгэл бүтээсэн бөгөөд А.Амарын хөрөгөөс гадна тухайн үеийн соёмбо, БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан оны томьёо, төрсөн оныг дүрсэлсэн байна. Энэхүү маркийг 10 мянган хувь хэвлэсэн ба нээлтийн үеэр хүндэт зочдод маркийн дээжээс бэлэглэсэн юм.

Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Алтансүх Ерөнхий сайдуудаас анх удаа Мэргэн сайд Амарын хөргөөр марк хэвлэж байгааг энэ үеэр онцлож байв. Нээлтийн арга хэмжээнд “Монгол шуудан” компанийн тэргүүн дэд захирал А.Шарав, “Агданбуугийн Амар судлал” сангийн удирдах зөвлөлийн гишүүн, Түүхийн ухааны доктор С.Энхжин, Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр нарын хүмүүс оролцож, үг хэллээ.

Н.Отгончимэг

Холбоотой мэдээ