“ANA” компани ажиллах хүчний цомхотгол хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Japan Times/. Японы “ANA Holdings” компани агаарын тээврийн “All Nippon Airways” компани нь 2021 оны санхүүгийн жилд 100 тэрбум иений /880 сая ам.доллар/ алдагдал хүлээж, хоёр дахь жилдээ дараалан алдагдалтай ажиллах төлөвтэй байгаатай холбогдуулан ирэх таван жилийн хугацаанд ойролцоогоор 9000 ажилтныг цомхотгохоор болсноо мэдэгдлээ.
Тодруулбал, "All Nippon Airways" компанийн эцэг компани болох “ANA” тогтмол зардлаа бууруулахын тулд нисэх буудлын ажилтнууд, онгоцны үйлчлэгчид зэрэг Япон дахь ажилтнуудыг голчлон цомхотгоно. Тийнхүү ажилтнуудынхаа тоог 2025 оны санхүүгийн жил гэхэд 29 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь 2020 оныхоос 20 хувиар буурсан үзүүлэлт юм. Ажилтнуудыг цомхотгохдоо тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсийг чөлөөлж, шинээр ажилтан авах ажиллагааг хязгаарлах ажээ.
Олон улсын зорчих
тээврийн хөдөлгөөн урьдчилан таамаглаж байсанчлан богино хугацаанд сэргээгээгүй
нь энэ онд 3.5 тэрбум иений орлого олно гэж тооцоолж байсан “ANA”-г жилийн орлогын урьдчилсан таамаглалаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэсэн байна. Тус компанийн хувьд коронавирусний
цар тахлын улмаас өнгөрсөн санхүүгийн жилд 404.62 тэрбум иений цэвэр алдагдал
хүлээжээ.
“Нөхцөл байдал
цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очих хугацаа үлэмж хэмжээгээр хойшлоод байна. Бидний
бизнест цар тахал маш хүндээр тусаж байгаа учир ажиллах хүчний зохицуулалт хийх
нь ихээхэн ач холбогдолтой болоод байна” гэж “ANA” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Шиня Катанозака
хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“ANA” энэ оны 3-9 дүгээр сард 98.80 тэрбум
иений цэвэр алдагдал хүлээжээ. Ш.Катанозакагийн ярьснаар, энэ санхүүгийн жилийн
эхний хагаст хүлээсэн алдагдал хэт их байгаа учир хоёрдугаар хагаст түүнийг нөхөхөөр
ажилласан ч орлого олох төлөв ажиглагдахгүй байна.
Хэдийгээр зорчих
хөдөлгөөний сэргэх үйл явц удаашралтай байгаа ч хагас дамжуулагч, автомашины эд
ангийг тээвэрлэх ачаа тээврийн эрэлт нэмэгдсэн нь энэхүү бизнесийн орлогыг өсгөж
байна. Тийнхүү олон улсын ачаа тээврийн орлого түүхэн дээд үзүүлэлт болох 138.3
тэрбум иенд хүрчээ.
Цар тахлын улмаас
хилийн чанадад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэвээр байгаа тул
дотоодын нислэгүүдийн сэргэх үйл явц илүү хурдан байна. Гэвч Токио, Осака
тэргүүтэй бусад мужид зуны амралтын улиралд онцгой байдал тогтоосон нь дотоодын
агаарын тээврийн эрэлтэд сөргөөр нөлөөлжээ.
Мөн Токиогийн
Олимп, Паралимпын наадмын үеэр гадаадын
үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргаж, зуны наадмыг зөвхөн телевизээр дамжуулан үзүүлсэн нь зорчих хөдөлгөөний эрэлт нэмэгдэнэ гэж найдаж байсан агаарын тээврийн
компаниудын хүлээлтийг талаар болгосон юм.
“ANA”-гийн тооцоолж буйгаар, дотоодын
нислэгийн эрэлт 9-12 дугаар сард цар тахлын өмнөх түвшний 50 хувьтай тэнцэх
хэмжээнд, ирэх гуравдугаар сарын эцэс гэхэд 85 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч
сэргэх төлөвтэй байна. Харин олон улсын нислэгүүдийн хувьд энэ улиралд ердөө 7
хувьд, ирэх улиралд 30 хувьд хүрэх магадлалтай байна.
Японы агаарын
тээврийн салбарын цар тахлын үр дагавраас сэргэх үйл явцыг “American Airlines”, “Delta Air Lines”, “United
Airlines” зэрэг томоохон компаниуд
бүхий АНУ-ынхтай харьцуулахад удаашралтай байна. Эдгээр компаниудын хувьд 2021
оны гуравдугаар улиралд бүгд цэвэр орлоготой ажиллажээ.
“ANA”-гийн дотоодын өрсөлдөгч болох “Japan
Airlines” компанийн хувьд орлогын тайлангаа
ойрын өдрүүдэд танилцуулахаар товлоод байна. Өнгөрсөн оны санхүүгийн жилд цар
тахлын улмаас 2012 онд хувьцаагаа
дахин байршуулснаасаа хойш анх удаа алдагдал хүлээсэн тус компани нь нөхцөл
байдал тодорхойгүй байгаа гэх шалтгаанаар энэ оны орлогын урьдчилсан
таамаглалаа хараахан танилцуулаагүй байгаа юм.