АНУ-ын тагнуулынхан коронавирусийг биологийн зэвсгийн хувиар бүтээгээгүй гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-10-30 12:30:05

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын тагнуулынхан “COVID-19” өвчнийг үүсгэгч коронавирусийг биологийн зэвсгийн хувиар бүтээгээгүй гэж үзжээ. Энэ талаар тус улсын Үндэсний тагнуулын зөвлөлийн цахим хуудсанд баасан гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна. 


"Ихэнх тагнуулууд вирусийг генетикийн хувьд өөрчлөөгүй гэж итгэл багатай дүгнэж байна. Гэсэн хэдий ч хоёр нууц ажилтан ийм үнэлгээ хийх мэдээлэл хангалтгүй байсан гэж үзсэн" гэж уг тайланд онцлон тэмдэглэжээ.


Тайланд дурдсанаар, АНУ-ын тагнуулын байгууллагууд вирусний гарал үүслийн талаар нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй бөгөөд амьтнаар дамжин халдварласан эсвэл "Ухань хот дахь лабораторийн ажилтай холбоотой” гэсэн хоёр таамаглалыг дэвшүүлсэн байна.


Тагнуулын байгууллагууд вирус ямар замаар дамжин амьтнаас хүнд халдварласныг тогтоох эсвэл Ухань дахь лабораторид “SARS-CoV-2” эсвэл “COVID-19” гарахаас өмнө тархаж байсан коронавирустэй холбоотой судалгаа явуулж байсныг нотлох нэмэлт мэдээлэлгүйгээр гарал үүслийн талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж тайланд онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн "вирусний гарал үүслийн талаарх эцсийн дүгнэлтийг гаргахын тулд Хятадын талын дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай" гэдгийг дурдсан байна.


"Гэсэн хэдий ч Бээжин гарал үүслийг тогтоох ажилд саад учруулж, мэдээлэл өгөхөөс татгалзаж, бусад улс орнууд, тэр дундаа АНУ-ыг буруутгасаар байна" гэж гэж тайланд цохон тэмдэглэжээ.


 


Холбоотой мэдээ