"Сэнтрал Экспресс Си Ви Эс"-ийн хувьцааны хуваарилалтыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-28 17:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ сарын 29-нөөс 11 дүгээр сарын 4-ний 10.00-17.00 цагт МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авч байна. Шинээр гаргаж буй үнэт цаасны 50 хувийг үнэт цаас гаргагч болон андеррайтерийн тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд Монголын Хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдах юм.

Үндсэн андеррайтерийн компани болох "Голомт Капитал ҮЦК" ХХК-иас 100 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хувьцааг 6 болон түүнээс дээш сараар тусгаарлуулах нөхцөлтэй дараах хөрөнгө оруулагчдыг стратегийн хөрөнгө оруулагчдад тооцох талаар мэдэгдээд байна. Үүнд: 

  • "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК, "Голомт Капитал ҮЦК" ХХК, "Апекс Капитал ҮЦК" ХХК-тай хувьцаа худалдан авахаар урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан харилцагчид, 
  • Үндсэн андеррайтер "Голомт Капитал ҮЦК" ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд ажиллаж буй хамтрагч үнэт цаасны компаниудын хөрөнгө оруулагчид. 
  • Түүнчлэн, үнэт цаас гаргагчийн хүсэлтийн дагуу "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК болон "Премиум Групп" ХХК-ийн охин компаниудын хувьцаагаа 6 сараар тусгаарлуулахаар зөвшөөрсөн ажилтнуудын хувьцааны захиалгыг бүрэн биелүүлэх юм. 

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалга санал болгож буй хувьцааны тоо ширхгээс давсан тохиолдолд санал болгож буй үнэт цаасны хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэн гаргах юм. Нэмэгдүүлсэн үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилна. Харин олон нийтэд санал болгосон үнэт цаасны захиалга санал болгож буй үнэт цаасны дүнгээс давсан тохиолдолд 1000 ширхэг буюу 208,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн захиалгыг хувь тэнцүүлэн хуваарилах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.  

Холбоотой мэдээ