Иргэд төрийн болон банкны үйлчилгээг цахим гарын үсгээр авах боломжтой болно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-27 13:53:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч Н.Учрал, Ажлын баг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэжээ.


Хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийн гэрчилгээ эзэмшсэний үндсэн дээр цахим гарын үсэг ашиглах бөгөөд энэ харилцаа нь нийтийн түлхүүрийн дэд бүтцээр дамжин хэрэгжих тул “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц" гэсэн нэр томьёонд цахим гарын үсгийн нууцлал, аюулгуй байдлыг хангах асуудлыг нэмж тусгах санал гаргажээ. Мөн мэдээллийн системд нэвтрэх үед тухайн хүн мөн эсэхийг таньж баталгаажуулах, өөр хүн нэвтрэхээс сэргийлсэн зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, тоон гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй заавал холбогдсон байх, харин бусад хэлбэрийн цахим гарын үсэг зурахад ашиглах систем нь цагийн бүртгэлийн системд холбогдох асуудал нээлттэй байх санал боловсруулжээ.


УИХ-ын гишүүд цахим гарын үсгийг одоо хэчнээн хүн хэрэглэж байгаа, цахим гарын үсгийг хаанаас олгодог талаар тодруулж байлаа.


Ажлын багийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 38 000 иргэн цахим гарын үсэг хэрэглэж байгаа бөгөөд тэдгээрийн 8000 нь нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үлдсэн 30 000 нь татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан өгдөг аж ахуйн нэгж, иргэд, худалдан авах ажиллагаа, тендерт оролцдог хүмүүс байгаа аж. Энэ нь тун чамлалттай үзүүлэлт хэмээн үзэж буй бөгөөд цаашид Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болгох бөгөөд цахим гарын үсгийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.


УБЕГ-аас бүх иргэдэд цахим гарын үсгийг үнэгүй олгох бөгөөд иргэд төрийн болон банкны үйлчилгээг цахим гарын үсгээр авах боломж бүрдэх юм байна. Нэг иргэн хэдэн ч цахим гарын үсэгтэй байж болох аж. Иргэний хувиар биш албан тушаалтны хувиар хэрэглэхээр нэмэлт цахим гарын үсэг авах бол тодорхой үнэ төлөн тусгай зөвшөөрөлтэй компаниас авахаар хуулийн төсөлд тусгажээ.


Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд ажлын баг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Эцэст нь Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Холбоотой мэдээ