Б.Баттөмөр: Төсөвт үндэстэн дамнасан хэргийг илрүүлэхэд технологи ашиглах бодлого тодорхой хэмжээнд туссан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-26 17:29:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.


Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрсөн хэмээн тэмдэглэв. Харин Засгийн газар боломжит бүх нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувь, жилийн эцсээр 4.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа аж.


Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”- ийг дэмжихэд чиглүүлсэн байна. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр экспортын хэмжээг өсгөж, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэх замаар ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг тавьсан болохыг Б.Жавхлан сайд танилцуулав.



Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны хууль, эрх зүйн үндсийг боловсронгуй болгон, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Хуулийн 7.1 дэх заалтад “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэрэг”-ээс бүрдэхээр заасны дагуу холбогдох төсвийг тусгасан гэв.


Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлжээ.


Дараа нь Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгсөн байна.


Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны урсгал зардлын төсвийн төсөлийн талаар мэдээлэл өгөв.  Гадаад харилцааны сайдын 2022 оны урсгал зардлын төсвийн төсөл 2021 оны урсгал зардлын төсвөөс 16.8  тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа бол Батлан хамгаалахын сайдынх 8.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа аж.


Үндэсний аудитын газраас тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулсан нь төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна гэжээ. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна хэмээн дүгнэлтдээ дурджээ.



Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой гэжээ.


Аудитын дүгнэлт 6.7-д “Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна” гэжээ. Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод  байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагаанд уг зохицуулалт тодорхойгүй байгаа гэжээ. 


Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна.


Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын багаас хариулт авав.


Ирэх онд гадаад улс орнуудад шинээр элчин сайд яам, консулын газар байгуулах эсэх талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулт өглөө. Ирэх онд аль нэг гадаад улсад нэмж дипломат төлөөлөгчийн газар нэмж байгуулахгүй, системийн хэмжээнд үнэлэлт өгөх судалгаа хийж байгаа гэв. Харин Монгол Улсын иргэд олноор ажиллаж, сурч, амьдарч буй Швед, Чех, Австрали зэрэг улс дахь консулын хэлтсүүдэд зургаан орон тоо нэмэгдэж байгаа гэлээ.  



Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд кибер аюулгүй байдлын цэргийн командлал байгуулахтай холбоотой асуудлаарх Д.Ганбат гишүүний асуултад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариулт өгсөн юм. Кибер аюулгүй байдлын сургалтын төв, Кибер аюулгүй байдлын төв гэсэн хоёр бүтцийг ЗХЖШТөв болох ҮБХИС дээр байгуулаад найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ. Харин хууль эрх зүйн орчин 2016 онд бүрдсэн бөгөөд 2019 онд хүрээнд кибер аюулгүй байдлын цэргийн командлал байгуулах ажил эхэлжээ. Ирэх жилээс эхлээд Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын төсвийг тусад нь төсөвлөж эхэлж байгаа аж. Цаашид командлалыг үндсэн бүтцээр нь ажиллуулах, тусад нь байшин барилгатай болгох, дата төвтэй болгох, тоног төхөөрөмжөөр хангах гэх зэрэг олон ажил бий бөгөөд урт хугацаанд тодорхой үе шаттай хэрэгжүүлнэ гэв. Боловсон хүчний тухайд, өнгөрсөн найман жилийн хугацаанд цэргийн шугамаараа бэлтгэж ирсэн ч цаашид өндөр мэргэшилтэй ажилтнуудтай болох шаардлага бий гэлээ.


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын томилгооны талаар байр сууриа илэрхийлж, Гадаад харилцааны яамны төсвийн төсөл дэх тус яамны гадаад томилолтын арга хэмжээний зардал 350 сая төгрөгөөр нэмэгдсэн шалтгааныг тодрууллаа. Мөн мэдээлэл сурталчилгааны зардлын талаар тодруулж Б.Батцэцэг сайдаас хариулт, тайлбар авав. Б.Баттөмөр гишүүн Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд ДНБ-ий батлан хамгаалах зардлын хувь хэмжээг 2030 онд 1.5 хувьд хүргэхээр төлөвлөсөн, өнгөрсөн онд 0.7 хувь байсан нь энэ оны төсөвт хэдэн хувиар нэмэгдсэнийг тодруулсан. Ирэх оны төсөвт ДНБ-д харьцуулсан хувиар 0.7 хувь хэвээр батлагдаж байгаа гэдгийг Г.Сайханбаяр сайд хариуллаа.



Б.Баттөмөр гишүүн мөн гадаад улс орнууд дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн төсөлд ямар зардал төсөвлөснийг тодрууллаа. Манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин дэлхийн дунджаас 40 хувиар бага байдаг, нэмэх шаардлагатай гэдгийг салбарын сайд нь хэлж байв. 2019 онд 10 хувиар нэмэгдүүлсэн, ирэх онд төсвийн боломж тааруу учраас ямар нэг нэмэгдэл төлөвлөөгүй гэлээ.


Цөмийн энергийн комиссын төсвийн талаарх тодруулгад тус комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав хариулт өгсөн бөгөөд олон улсын байгууллагад Монгол Улсын гишүүнчлэлийн татварын зардлыг төсөвт тусгуулах хүсэлтээ илэрхийлсэн юм.


Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэв. Тэрбээр төсөв бол хөгжлийн баримт бичиг хэмээн дурдаад, Монгол Улсад төсвийн хөрөнгөөр хийх ажил маш их байгаа ч хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалж тэр бүрийг тусгах боломжгүйг хэлж байв. Тиймээс хийх шаардлагатай ажлыг эрэмбэлж төсөвт тусгасан гэж ойлгож байгаа гэлээ. Манай улсын төсвийн орлогыг ойрын үед нэмэгдүүлэх шаардлагатай уялдуулж хөгжлийг санхүүжүүлэх, баялгийн менежментийг сайн хийх, татварын шинэчлэлтийг оновчтой хийх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.



Мөн урт хугацааны хөгжлийн баримт бичигт болох “Алсын хараа-2050”-д улсын батлан хамгаалах чадавхийг бэхжүүлж, нийгэмийн дэг  журам, иргэдийн амьдрах аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар хүн, нийгмийн аюулгүй байдлыг хангах зорилтыг дэвшүүлснийг дурдлаа. Түүнчлэн 2020-2030 онд нэгдмэл тогтолцоотой технологижсон зэвсэгт хүчинтэй болох, хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй аюулгүй байдлыг хангаж, хил хамгаалалтын чадавхийг дээшлүүлэх зорилтуудыг тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл, уууль сахиулах болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхыг нийгэмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх шаардлага бий хэмээн онцолсон.


Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийг гэмт хэрэгт өртөх, хохирохоос сэргийлэх, хамгаалах, түүнтэй тэмцэх тогтолцоонд инновацид суурилсан техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх шаардлага байгааг Б.Баттөмөр гишүүн мөн тэмдэглэсэн. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг, мөнгө угаах, сүүдрийн эдийн засгийг “наранд” гаргах, цахим гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хамгаалах ажилд орчин үеийн техник, технологийг ашиглах шаардлага бий хэмээгээд, дээрх асуудлууд 2022 оны төсвийн бодлого тодорхой хэмжээгээр туссан хэмээн үзэж байгаагаа хэлсэн.


Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ