АНУ зорчих хөдөлгөөний шинэчилсэн удирдамжаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-26 09:33:13

ВАШИНГТОН. /NBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа зорчих хөдөлгөөний шинэчилсэн удирдамжаа даваа гарагт танилцууллаа.


Үүний дагуу ирэх 11 дүгээр сарын 8-наас эхлэн вакцинд хамрагдаагүй Америкийн иргэд, байнгын оршин суугчид хилээр нэвтрэхээсээ нэг хоногийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай бол вакцинд хамрагдаагүй гадаадын иргэдийг зөвхөн тодорхой шалтгаантай тохиолдолд хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ажээ. Харин вакцинд бүрэн хамрагдсан америкчууд гурван хоногийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай байна.


Есдүгээр сард АНУ-ын засаг захиргаа гадаадын иргэдэд хилээр нэвтрэхээсээ өмнө вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавина гэдгээ мэдэгдээд байсан бол даваа гарагт уг шаардлагаас чөлөөлөгдөх нөхцөлүүдийг танилцуулжээ. Тухайлбал, вакцинжуулалтын түвшин 10 хувиас бага байгaa орнуудаас ирж буй хүмүүсийн хувьд АНУ-д зайлшгүй зорчих шалтгаанаа тайлбарлах ёстой байна.


Мөн дэлхийн олон оронд хүүхдүүдийг вакцинд хамруулж эхлээгүй байгааг харгалзан 18-аас доош насныхан болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс, эмнэлзүйн туршилтад оролцогчид, богино хугацаагааp зорчих хүмүүсийг чөлөөлнө гэж засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ. Өмнө нь АНУ-ын иргэд тэргүүтэй хилээр нэвтрэх бүх иргэний хувьд вакцинжуулалтад хамрагдсан эсэхээ үл харгалзан гурван хоногийн дотор өгсөн шинжилгээний хариугаа үзүүлэх шаардлагатай байсан юм. 

Холбоотой мэдээ