НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-23 14:12:09

НЕЙПИДО. /NHK/. Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах чиглэлд дорвитой шийдвэр гаргахыг тус улсын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Кристин Шранер Бургенер олон улсад хандан уриалжээ. 


К.Бургенер баасан гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Гуравдугаар хорооны хүний эрхийн асуудлаарх цахим уулзалтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, Мьянмарт хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш цэргийнхэн иргэдийн эсрэг хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэж, гурван саяд хүрээд байна.


Мөн өнгөрсөн сард ардчиллыг дэмжигч хүчнүүд цэргийн дэглэмийн эсрэг бослого гаргахыг уриалснаас хойш хүч хэрэглэх явдал улам даамжирснаар амиа алдсан хүний тоо нэмэгдэх болжээ. 


“Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл зөрчил мөргөлдөөн даамжирч, эдийн засгийн уналт гүнзгийрч, хүний эрхийн нөхцөл байдал улам дордоно” гэж НҮБ-ын төлөөлөгч нэмж хэлсэн байна.


Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /ACЕАН/ Мьянмарын цэргийнхэн, ардчиллыг дэмжигчдийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байгаа боловч энэ нь зогсонги байдалд ороод байгаа аж. 

Холбоотой мэдээ