Л.Энх-Амгалан: Хүүхдийн хувьсах зардлыг олгохдоо сурлагын ахиц, амжилтыг үндэслэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-21 17:12:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19" цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, нийтийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих ажил өрнүүлсэн. Мөн нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 хувиар нэмэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэн, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц хэрэгжүүлэхээр  төлөвлөж байгаа.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсан хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгох тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөсөн байна. Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.


Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Амартүвшин боловсролын салбарт олон жилийн эхлээд дуусаагүй зарцсан олон төсөл байгааг дурдлаа. Мөн барилгын материалын үнэ өссөний улмаас дээрх төслүүдийн өртөг ч нэмэгдэж байгааг хэлээд 2022 онд өртгийг нь нэмсэн хэдэн төсөл байгааг тодруулав. Түүнчлэнтөрийн өмчит компаниудаас 400 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг авах төсөөллийг биелүүлэхийн тулд эдгээр компанийн бүтцэд өөрчлөлт оруулах эсэхийг асуув.


Сангийн сайд Б.Жавхлан олон жил зарцсан 120 төслийн 103-т нь 184.7 тэрбум төгрөгийг  2022 оны төсөвт шилжүүлсэн гэдгийг хэллээ. Тэрбээр, “Төрийн өмчит компаниудад эрсдэлийн үнэлгээ хийж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэн хяналтад 108 байгууллага бий. Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд тооцвол 500 гаруй төрийн өмчийн жижиг, том газар байна. Нийт эргэлтийн хөрөнгө нь 35 их наяд давсан” гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсад хэрэглээний үнийн индекс 12-13 хувьтай байгаа энэ үед Төсвийн хүрээний мэдэгдэлд 6.7  байхаар төсөөлсөн байна гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ирэх онд өрхийн орлогыг хэрхэн дэмжихийг тодруулав.


Сангийн сайд Б.Жавхлан, “Засгийн газар цар тахлын хүнд үед иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, орлогыг хамгаалах олон ажил өрнүүлсэн. Одоо хэрэгжиж буй ус, тог, хогны төлбөрийг тэглэсэн шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Харин ирэх жил хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Энэ бол өрхийн орлогод том дэмжлэг болно. Мөн энэ жилийн хүйтний улирал дуустал сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлт үргэлжилнэ. Мөн Эрүүл мэндээ хамгаал, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө үгэлжилнэ. Ингэхдээ ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, Төв банкны репо санхүүжилтийн ач холбогдол, хамрах хүрээг нь тэлэх юм” гэлээ.


УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газар салбаруудад реформ хийх бодлогоо төсөвтэйгөө уяхгүй байна хэмээн шүүмжлэв. Боловсролын салбарт л гэхэд нийслэлийн 50 хүүхэдтэй ангид хичээл заадаг багш сумын төвийн 15 хүүхэдтэй ангийн багшийн цалингийн ялгааг тодрууллаа. Түүнчлэн төрийн цахим шилжилт хийх нь улсын харилцааны бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой тул кибер аюулгүй байдлыг хангахад төсөв суулгах хэрэгтэй гэлээ.


Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт урсгал зардалд төсвийн шинэчлэл үргэлжилнэ хэмээв. Тэрбээр, “Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын 28 хувь нь боловсролын салбарт ажилладаг байна. Тиймээс норм, нормативын хувьд  эрүүл мэндийн  салбар бол иргэдэд хүргэсэн тусламж үйлчилгээгээр, боловсролын салбар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал буюу гүйцэтгэлээрээ санхүүжинэ” гэлээ.


Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Сонгинохайрхан дүүргийн сургуулийн 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багшийн ачаалал, цалин хөлс хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөгийн хувьсах зардалтай. Говь-Алтай, Булган аймгийн багш нартай харьцуулаад үзэхэд өдөр, шөнө шиг ялгаатай. Нэг хүүхдэд ногдож байгаа хувьсах зардлыг сургуулийн хэв шинжээр нь ялгаж  дүн шинжилгээ хийх ёстой. Өмнө нь боловсролын салбарт хоёр төрлийн санхүүжилт байсан. Нэг нь урсгал зардал, нөгөө нь хүүхдийн хувьсах зардал. Энэ жил төсвийн шинэчлэлийн хүрээнд суурь зардал нь хэвээрээ явна. Гэхдээ хувьсах зардлыг олгохдоо хүүхдийн сурлагын ахиц, амжилтыг үндэслэнэ. Ингэснээр багш нарын ажлыг бодитой үнэлэх боломж бий болно” хэмээв.


Ийнхүү дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ