Төрийн байгууллагад эрэлттэй байгаа 45 мэргэжлийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-20 16:59:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Төрд шаардлагатай 45 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж, дэмжлэг үзүүлнэ гэж Орхон аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн ахлах ажилтан Х.Одхүү Эрдэнэт хөгжил- 2021” эдийн засгийн форумын үеэр танилцуулсан илтгэлдээ дурдлаа.  

Орхон аймагт барилгын ерөнхий инженер, аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчин, цахилгааны инженер, физик-химийн лаборант, ландшафт инженер, төслийн мэргэжилтэн, судлаач инженер зэрэг ихэвчлэн инженер техникийн мэргэжилтнүүд дутмаг байгаа юм.

Иймд эдгээр мэргэжлээр сурч байгаа төгсөх ангийн оюутан, мэргэжил дээшлүүлж байгаа иргэдтэй аймгийн удирдлагууд урт хугацааны тогтвортой ажиллах гэрээ байгуулж, дэмжлэг үзүүлнэ гэлээ.

 Өнгөрсөн онд Орхон аймгийн хөдөлмөрийн насны 71 мянга иргэний 37 мянга нь хөдөлмөр эрхэлдэг,  үлдсэн 33 мянга орчим  нь ямар нэг шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа гарчээ. 

Тодруулбал, ажиллах хүчнээс гадуур байгаа эдгээр иргэдийн 10 мянга орчим нь тэтгэвэрт, 2 мянга гаруй нь хөдөлмөрийн чадвараа алдсан, 9 мянга гаруй нь сургуульд сурдаг бол 5843 иргэн тохирох ажил олдохгүй байгаа, ажил эрхлэх сонирхолгүй гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрхэлдэггүй байна.

Иймд төрд эрэлттэй байгаа мэргэжлийн боловсон хүчний мэдээллийг уг форумын үеэр танилцуулсан байна.  

Холбоотой мэдээ