Ерөнхийлөгч ШЕЗ-ийн гишүүдийг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг хасахыг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-19 15:25:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.18 дахь хэсгийг хасах төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо хэзээ байгуулагдах талаар Байнгын хорооны даргаас тодруулж хариулт авсан.


Үргэлжлүүлэн төслийн хоёрдугаар зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн хүрээнд баталсан Шүүхийн тухай хуульд, ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан юм.

Холбоотой мэдээ