Коронавирусний голомтод ажилласан онцгой байдлын 1200 алба хаагч халдвар авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-15 15:10:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн санаачлан боловсруулж, энэ оны тавдугаар сарын 14-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.


УИХ 2017 оны хоёрдугаар сарын 2-нд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Аймгийн төвөөс алс нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс алба хаагчийн нийгмийн баталгаа дордох нөхцөл үүссэн байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор тусгасан байна.


Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг цар тахлын хүнд үед онцгой байдлын алба хаагчдад хэдэн төгрөгийн урамшуулал олгосныг тодруулав.


Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Цар тахлын голомтод онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд улирал тутамд нэмэгдэл олгож байна. Голомтод ажиллаж байсан онцгой байдлын 1200 гаруй албан хаагч халдвар авсан. Эдгээр албан хаагчдад гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу 500 мянган төгрөг олгож байгаа” гэлээ.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, төслийн зүйлүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.


Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ