Халамжийн 60 хувь нь хүн амын өсөлтийг дэмждэг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-10-15 14:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барилаа гэж Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган (21-10-14)-д улсын 2022 оны төсвийн төслийн танилцуулга хийж, үг хэлэхдээ онцолжээ.


Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавихад төсвийн төсөлд ямар ажил хийхээр тусгасан талаар товч авч үзье. 


Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээг эрхэлж байна. Хувийн хэвшилд энэ чиг үүргийг шилжүүлбэл жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээг төрд аж ахуйн нэгжүүд үзүүлэх боломжтой. Ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэнэ гэж үзжээ.  


Монгол Улсын 2022 оны төсөв нь татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан гэж УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд хэлжээ


Ирэх онд төр зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгажээ.


Улсын 2022 оны төсөв дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бололтой.


Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.


Халамжийн сангаас 2.7 сая иргэн ямар нэг хэлбэрээр тэтгэмж авч байна. Түүнд улсын төсвийн 30 орчим хувийг зарцуулж байгаа аж. Энэ үзүүлэлт нь халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болгожээ. Гэхдээ хамгийн сайн халамж чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу шинэчлэл хийхээр болжээ.  Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл нь хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажлын байраар дэмжихэд чиглэх юм байна.


Засгийн газар ирэх онд нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож, халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар болжээ. Нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулж нийт хүн амын 80 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулаад ямар нэг тусламж хүртдэг. Халамжийн 60 хувь нь хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэжээ. Энэ бол байх ёстой дэмжлэг. Гэтэл халамжийн 28 хувийг хүн амын амьжиргааны төвшин өндөртэй иргэд хүртдэг гэнэ. Иймээс нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах хэрэгтэй болжээ. Мөн зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавьдаг байх зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ нь ч зөв биз.


Эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, сонгосон өрхийн амьжиргааг дээшлүүлж тодорхой хугацааны дотор ядуурлаас гаргах зорилтот төлөвлөгөөг халамжийн байгууллага хэрэгжүүлнэ.  Үүнд хөдөлмөр эрхлэлт, өрхийн аж ахуй, үйлдвэрлэл, орлогын менежмент, зан үйлийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогц байдлаар авч үздэг болох юм байна. 


Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн боловсрол сургалтын санхүүжилтийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэж үзжээ. Энэ нь мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж, зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан  хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Дээр дурдсан ажлыг 2022 онд эхлүүлснээр улсын төсвийн 30 хувийг зарцуулдаг халамжийн зардал  буурах  нөхцөл бүрдэх бололтой.

Холбоотой мэдээ