Д.Алтангэрэл:Монгол дархны ур хийц өндөр түвшинд хүрсэн
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол уран дархан” үзэсгэлэн өнгөрөгч амралтын өдөр Уран зургийн галерейд нээлтээ хийн, олны хүртээл болж буй.
Үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын хэрэглэж байсан уран дархны дөш болон нутаг нутгийн 120 гаруй дархчуудын алт, мөнгө, зус, гууль, гангаар урласан эмээлийн чимэглэл, мөнгөн аяга, хэт хутга, шашны эд зүйлс, тэмээтэй завьяа, хундаганы багц, морин хуур зэрэг бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэнг санаачлагч, уран дархан Д.Алтангэрэлтэй уулзаж ярилцав.
-“Монгол уран дархан” үзэсгэлэнг 2004 онд анх зохион байгуулж байснаас хойш 12 жилийн дараа дахин нээж байна. Энэ хугацаанд монгол уран дархны хөгжил хэр өөрчлөгдөв?
-Би 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн ивээл дор 70 гаруй уран дархан оролцсон “Монгол дархан-2004” үзэсгэлэнг зохион байгуулж байлаа. 2008 онд Монгол төрийн хүндэтгэлийн өргөөнд Монголын нууц товчооны бүтээлийн мөнгөн чимэглэлийн гүйцэтгэлд 3 шавийн хамт 5 сарын хугацаатай хандиваар ажиллан хүлээлгэн өгсөн. Энэ үзэсгэлэнгийн үзмэрт асар их хөрөнгө, хөдөлмөр, цаг хугацаа шаардддаг. Ингээд хэсэг завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал тавьсны дагуу 2 сар гаруйн хугацаанд дархчуудын бүтээлийг цуглуулж энэ сайхан өв соёлыг ард түмэндээ толилуулж байна. Энэ хугацаанд дархчуудын ур чадвар маш их дээшилсэн байна. Би цаашид үүнээс илүү сайжирна гэж бодож байна.
-Үзэсгэлэнгийн сор бүтээлүүдээс нэрлэвэл?
-Дархчуудаа энэ нь сайн, муу гэж хэлэх эрх надад байхгүй. Нээлтийн үеэр ардын, шашны, гоёл чимэглэлийн, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрөлд уран бүтээлчдийн бүтээлийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан.
-Ард түмэн хэрхэн хүлээн авч байна вэ. Үзэсгэлэнгийн бүтээлүүдээс харахад монгол дархчуудын ур ухаан дэлхийд гайхагдахад ойрхон байна?
-Ард түмэн маш сайхан хүлээн авч байна. Монгол төрийн 3 тэргүүн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү эхнэрийн хамт, Буриадаас ирсэн 2 хүүхэд л гэхэд 2-3 дахин ирж үзлээ. Монгол уран дархны ур хийц Ази болон Монгол туургатан дотроо өндөр түвшинд байгаа. Яагаад гэвэл монгол хүний ген гэдэг юугаар ч үнэлж баршгүй нандин зүйл. Уран дархчууд гэдэг бол ард түмний өмч. Энэ олон дархчуудыг нэгтгэхийн төлөө илүү зүтгэх болно. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үзэсгэлэнг 3 жилд нэг удаа зохион байгуулах зарлиг гаргалаа. Мөн би 2017 оны 3 дугаар сард өөрийн бие даасан үзэсглээнгээ шавь нартайгаа хамтарч гаргана. Түүний дараа 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол туургатан дархчуудын үзэсгэлэн зохион байгуулж, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ы дархчуудын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
-Хүмүүс монгол дархны урлалыг Дарьганга хийц, Батноров хийц гээд эртнээс уламжилж ирснийг нь хамгийн сайн гэсэн ойлголттой байдаг. Шинэ хийцийг хүлээж авахдаа хэр вэ?
-Энэ үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс харахад шавь сургалтаар сурсан дархчуудын бүтээл өндөр түвшинд хүрсэн байна. Харин Дарьганга хийц гэсэн агуу өвгөдийн нэрэн дор зүүгдсэн дархчууд хоосон давхиж байгааг харлаа. Ер нь шинэ хийц гаргахад маш хэцүү. Би өөрийн гэсэн хийц гаргахаар “Ноён хийц” гэж нэрлэн оролдож байна. Хэнтий аймгийн Мөрөн сумын алдарт дархан Түдэв гуайн давтагдашгүй аяганы хийц түүх болон үлдсэн. Мөн Тожил дархны хийц хэмээн одоо ярьж байгаа боловч жинхэнэ уран бүтээлч нь хороо Шарав гэж найзынх нь хийсэн их гарын эмээлийн загвар бий. Тиймээс би өвөг дээдсээс үлдээсэн агуу соёлыг үргэлжлүүлэх юмсан гээд Батноров чиглэлийн хийцийг оргил болгохын тулд илүү хэрэглэж байна. Тухайлбал, аяган дээр л гэхэд дээр үеийн маажин, монгол зургийн арга, Батноров, Дарьганга, Ноён Сэврэй хийц гурвууланг нь оруулан “Ноён хийц” гэж урлаж байна.
-Дээр үед монголчууд өдөр тутамдаа мөнгөн аяга, халбага хэрэглэдэг байсан бол одоо бэл бэнчин гэж харагдах болжээ?
-Ард түмэнд үйлдвэрлэлийнхэн үйлчилж байна. Харин бэл бэлчинтэй улсууд дархчуудыг өмчилж захиалгаар хийлгэж байна. Хэрэглээний соёл, шашны соёл гэдэг бол агуу. Сүүлийн үед дархны урлал модерн, арт, чимэглэх урлаг гэсэн төрлөөр хөгжиж байна.
-Монгол уран дархны урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй урчууд хэр байна вэ?
-Монголд нийт 3000 гаруй уран дархан байдаг. Сүүлийн үед залуучууд гар утас, компьютертэй ноцолдон, өв соёлоосоо холдон, эх хэл, эх бичгээ мартаж байна. Тиймээс БСШУЯ-тай хамтран бодлогоор хүүхдүүдэд эх орон, өв соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх талаар ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулахыг зорьж байна. Монгол ард түмэндээ хэлэхэд ард түмний өмч болсон уран дархчуудаа амьд байхад нь бүтээлийг нь биш, бүтээж буй уран бүтээлчдийг нь хүндэлж сураач ээ гэж хэлмээр байна.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал