Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-10-14 12:13:12

Хэнтий /МОНЦАМЭ/ Коронавируст халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц сангаас 31,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 


Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байсан хүчилтөрөгчийн монитор 5, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5, хүчилтөрөгчийн 40 л баллон 15 ширхэг болон бусад дагалдах хэрэгсэл, тэдгээрийг тээвэрлэж ирэх шатахууны зардлыг тус тус шийдвэрлэлээ.

Ингэснээр хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгалахад хүндрэлтэй байгаа өвчтөнүүдийг урт хугацаагаар хүчилтөрөгчөөр хангах боломжтой болж байгаа юм.
Мөн аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн эмч, ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, “Шинэ анагаах ухаан” дээд сургуулийн захирал, Монгол Улсын Төрийн шагналт, Гавъяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага болон бусад эрдэмтэн докторуудыг оролцуулсан цахим сургалтыг тун удахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ