Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан энэ сарын 16-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-13 12:52:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын  үндэсний  бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан энэ сарын 16-ны 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд  болно. 


Уг барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ), “Хил хязгааргүй спорт” ТББ хамтран  сар бүр зохион байгуулах болсноо өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцуулав.


Энэ сарын барилдаанд одоо ид барилдаж  байгаа улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Д.Анар, улсын начин Ч.Батчулуун, Б.Бат-Эрдэнэ, Б.Серик, Б.Цэрэнсодном, Н.Мустафа аймгийн арслан Б.Баянмөнх, Д.Аззаяа, М.Бямбадорж нарын улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх бүртгүүлэн байна. Барилдааны сугалаа дуусаж, оноолт хэдийн гарсан гэдгийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэв.


Үндэсний бөхийн мэргэжлийн лиг гэдэг нь дэлхийн нийтэд  хөгжсөн бөхийн төрлүүдийн онооны системийг уламжлалт  барилдааны дүрэмтэйгээ хослуулан нэг барилдааныг 3 шүүгч дэнслэн явуулахаараа онцлог гэдгийг мөн дурдсан юм. 


Шинэчилсэн  барилдааны дүрмээс танилцуулахад: 

Давсан бөхийг дараах 4 хэлбэрээр тодорхойлно. Үүнд: 

1. Барилдааны  хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгчөө  хаясан  тохиолдолд 

2. Барилдааны  хугацаа  дуусахаас өмнө  тухайн бөхийн авсан идэвхийн оноо өрсөлдөгчийн онооноос 10 ба түүнээс дээш болсон тохиолдолд 

3. Барилдааны  хугацаа дууссан тохиолдолд их идэвхийн оноотой  бөхийг давсанд тооцно

4. Барилдааны  хугацаа дуусахад хоёр  бөхийн идэвхийн  оноо тэнцүү бол сүүлийн оноо авсан бөхийг давсанд тооцно.


Идэвхийн оноог  дараах 3 шалгуураар тооцно. 

1. Өрсөлдөгч  бөхийг шахаж барилдан  барилдаааны талбайн захын гадна бүтэн улаар гишгүүлэх 

2. Хийсэн мэхний үйлчлэлээр өрсөлдөгч бөхийн гарыг талбайн гадаргууд  хүргэвэл 

3. Хайнаа болсон тохиолдолд  мэх хийсэн  бөхөд нэг оноог өгөх  дүрмээр барилдааныг шүүж  явуулна гэв.


Ташрамд дурдахад, уламжлалт томоохон барилдаанд нэг давсан бөх ойролцоогоор 50 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Мэргэжлийн лигийн барилдаанд оролцсон бүх бөх урамшуулалтай. Тухайн барилдаанд оролцсон бөхчүүдэд 120 мянган төгрөгийн урамшуулал олгох бөгөөд шөвгийн 16-д үлдсэн найман бөхөд 200 мянган төгрөг, наймд үлдсэн 4 бөхөд 250 мянган төгрөгийн бай шагнал олгоно. Мөн шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 500 мянган төгрөг, үзүүрлэвэл 1.5 сая төгрөг, түрүү бөх 3 сая төгрөгийн бай шагнал авна.

Ц.Мөнх-Уяа

Холбоотой мэдээ