Эрчим хүчний хязгаарлалт энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-13 11:34:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Баянхонгор эрчим хүч” ЦТ ХХК аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хөх толгой зэрэг гурван чиглэлд энэ сарын 11-20-ны өдөр хүртэл эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа.

Эрчим хүчний оргил ачаалал буюу 19.00 цагийн үед 10МВт хүрч чадлын дутагдалд орж байгаа нь аймаг нийтээрээ цахилгаан эрчим хүч тасрах эрсдэлтэй тул өргөтгөлийн ажил хийж дуустал хязгаарлалт хийхээр болжээ.

Нэгдсэн эмнэлэг, Халдвартын эмнэлэг гээд ковидын үед эрчим хүчээр тасалдуулж болохгүй чухал объект байршсан учраас төвийн районыг хязгаарлалтад хамруулаагүй байна. 

Баянхонгор аймгийн хувьд 2018 оноос эрчим хүчний чадлын дутагдалд орж, нэмэлтээр 110/6кВ-ын 2.5мВТ-ын хүчин чадалтай Т-2 трансформаторыг суурьшуулжээ. Тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээний улмаас чадлын дутагдал үүссээр байгаа тул есдүгээр сард шинээр 110/10кВ-ын 10МВТ-ын Т-3 трансформаторыг суурилуулж, түүн дээрээ  компинсацилах төхөөрөмж буюу хүчдэл өсгөгч суурилуулж 10 дугаар сарын 8-нд залгасан байна. Гэсэн ч энэ оны байдлаар Хөх толгой чиглэл, Эцэг эхийн хороо чиглэл, Полигон чиглэл, Эрдэнэцогт чиглэл тус бүр 26-120 хувийн ачааллын өсөлттөй байгаа аж. 

Түүнчлэн аравдугаар сард Хөх толгой, Полигон чиглэлийн нийт 24 дэд станцын 4000 орчим хэрэглэгчийн цахилгаан хангамжийн 6кВ-ын хүчдэлийг 10кВ-ын хүчдэл бүхий Т-3 трансформаторт шилжүүлснээр Т-1 болон Т-2 трансформаторын ачаалал 20 хувь буурч хэрэглэгчдэд хүрэх хүчдэлийн түвшин сайжирч, өвлийн ачааллын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй, ямар нэгэн асуудал гарахгүй байхаар ажиллаж байна.

Ташрамд дуулгахад, “Баянхонгор эрчим хүч” ЦТ ХХК нь Баянхонгор аймгийн төв болон 13 сумын  9115 айл өрх, 2798 орон сууц, 1074 аж ахуйн нэгж нийт 13 мянга шахам  хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.

Холбоотой мэдээ