Тахь хамгаалж буй Прагийн амьтны хүрээлэнд “WAZA Conservation Award” шагнал олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-13 12:48:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн амьтны хүрээлэн, аквариумуудын холбооноос Прагийн амьтны хүрээлэнд Пржевальскийн адуу буюу тахийг аврах ажилд урт хугацаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “WAZA Conservation Award” шагнал өчигдөр олгожээ. 


Тус шагнал нь дээрх холбоодын дээд шагнал бөгөөд амьтны хүрээлэнд олгож буй дэлхийн хамгийн том шагналын зургаа дахь нь аж. 


Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек шагнал гардах үеэр, "Энэ шагналыг хүртэж буй нь амьтны хүрээлэнгийн хувьд тэмдэглүүштэй, том үйл явдал бөгөөд Прага хотод ч чухал ач холбогдолтой юм. Биологийн олон янз байдлыг хамгаалахад анхаарал хандуулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа намайг илүү аз жаргалтай болгодог" хэмээн дурдав.


Мөн тэрээр, "WAZA Conservation Award шагнал эзэмшигчдийн дурсгалын самбарт Прага хотын амьтны хүрээлэнгийн зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах ажлын үр дүн нэмэгдлээ. Ялангуяа Пржевальскийн адууг Монгол руу тээвэрлэж нутагшуулж, тахийг аврахын төлөө хийсэн үйлсээс гадна бидний 90 жилийн түүхийг үнэлж хамгийн дээд шагналаа олгосон гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн онцоллоо. 



Пржевальскийн адуу буюу тахь бол хамгийн сүүлчийн зэрлэг адууны төрөл юм. Прага хотын амьтны хүрээлэн нь тахийг үржүүлж, 1959 оноос тус адууны олон улсын удмын бичгийг нь хөтөлж ирсэн. Ингэхдээ, БНЧУ-ын арми, Олон улсын Тахь групп хамтран 34 тахийг есөн удаагийн агаарын тээвэрээр Монгол руу зөөж зэрлэг популяцийг унаган нутагт нь нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулсан байна. Үүний зэрэгцээ, сүүлийн 10 жилд Прага хотын амьтны хүрээлэн говийн их дархан цаазат Б бүсэд тахь нутагшуулах ажлыг чиглүүлж байна.


Ташрамд дурдахад, 1897-1903 оны хооронд дэлхий дээрх цор ганц зэрлэг адуу тахийг амьтны хүрээлэнд авчрахаар,  Монголын говиос 88 унага барьж гадаад руу тээвэрлэсэн бөгөөд тэдгээрээс 53 нь эсэн мэнд Европт хүрсэн байна. Монголд үлдсэн цөөхөн популяц нь ан агнуур, ган зуднаас гадна гэрийн малд бэлчээрээ булаалгаснаар үрэгдэж, тоо толгой нь цөөрсөөр 1969 онд байгальд огт үгүй болжээ. Байгальд бүрмөсөн устсан тахийг сэргээн нутагшуулах шаардлагатай тухай Тахь судлалын олон улсын III симпозиумаас гарсан шийдвэрийн дагуу гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид хамтарсан судалгаа хийж, бэлтгэл хангаснаар, эх нутагт нь буюу Монголд сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлжээ. Ийнхүү өнгөрсөн хугацаанд өрнөсөн тахь нутагшуулах, хамгаалах ажлын үр дүнд Монголд байгаль дээр 800 орчим бодгаль болтлоо өсөөд байна. Тодруулбал, Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулж байгаагаас 390 гаруй нь Хустайн нуруунд байна. Харин Говь-Алтай аймгийн Бугат суманд 290 орчим, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 90 гаруй тахь нутагшиж байгаа аж.


Өнгөрсөн хугацаанд WAZA Conservation Award шагналаар, Атланта дахь Жоржиа аквариум (2020), Цюрихийн амьтны хүрээлэн (2019), Таронга амьтны хүрээлэн (2018), Монтерей булан аквариум (2017), Durrell Wildlife Conservation Trust (2016) шагнуулж байжээ. 

Холбоотой мэдээ