Булган аймаг өөр аймгаас отрын мал хүлээн авах боломжгүй гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-11 17:08:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ирэх өвөл аймаг дундын отрын бүс болон бусад орон нутагт өвлийн отор хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлээд байна.    

- Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаатай хамтарч орон тооны бус зөвлөлийн хурлыг Рашаант суманд зохион байгуулсан. Энэ хуралд Төв, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцлоо. Өвөлжилтийн байдал тавгүйрхсэн тохиолдолд тухайн нутгийн захиргааны байгууллагууд оторлох малчин өрх, малын тоог тохирч гэрээний үндсэн дээр шийдвэрлэх талаар санал өгсөн гэж аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ.

Тус аймгийн 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 57,0 хувь бэлчээрийн нөөцтэй, 21,0 хувь бэлчээр хүрэлцээтэй, 19,0 хувь даац нь 1-3 дахин хэтэрсэн байна. Мөн бэлчээрийн 2,0 хувь даац нь 3-5 дахин, 1,0 хувь олон дахин хэтэрчээ. Нийт нутгийн 80,0 орчим хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 20,0 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн тооцоо гаргасан байна.

 Сайхан, Могод, Гурванбулаг сумын ихэнх нутгаар, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр сумын зарим багийн нутагт бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч хүрэлцээ муутай болжээ. Зөвхөн Сайхан суманд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан аж.

Холбоотой мэдээ