Байгаль орчны жишиг лабораторитой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-11 15:44:09

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар байгаль орчны лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо.

"ТА-9440-МON Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төсөл нь Монгол орны Усны нэгдсэн менежментийг сайжруулах чадвахжуулах зорилгоор хэрэгжиж байна. Азийн хөгжлийн банкны бусад гишүүн оронд хэрэгжүүлдэг "Ус ашиглалтын Төлөвлөгөө"-ний хүрээнд усны засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчллөлтийг даван туулах, дасан зохицох шийдлүүдэд чиглэгддэг байна. 

Энэхүү төсөл нь Орхон голын сав газарт хэрэжиж байгаа бөгөөд сав газрын чадавхыг бэхжүүлэх, техникийн чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна. Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас усны чанарын мониторингийг сайжруулах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгаль орчны шинжилгээний лабораторийг чадвахжуулах саналыг төслийн багт тавьснаар Архангай аймгийн УЦУОШТ-ийн байгаль орчны шинжилгээний лабораторит 90 сая төгрөгийн өртөг бүхий 30 нэр төрлийн сүүлийн өндөр үзүүлэлттэй лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тус төсөл нь Азийн хөгжлийн банк, БОАЖЯ-тай хамтран Орхон, Хэрлэн, Алтайн Өвөр говийн сав газруудад хэрэгжиж байна.  

Аймгийн УЦУОШГ-ын дарга Ц.Оюунбат:

- Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмжийн тусламжтай манай аймаг төвийн бүсийн байгаль орчны жишиг лаборатортой болох нөхцөл бүрдэж байна гэв.

Байгаль орчны лабораторийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны төслийн зохицуулагч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газрын” мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах, Орхон-Чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар нар аймгийн УЦУОШГ-ын хамт олонд хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ