Сирийн дүрвэгчид Туркийн иргэн болох боломжтой гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-06 09:40:31

АНКАРА. /Prensa Latina/. Турк улсад амьдарч буй дээд боловсролтой Сирийн дүрвэгчид манай улсын иргэн болох боломжтой гэж Туркийн Ерөнхийлөгч хэллээ.

Хэдэн арван мянган цагаач амьдардаг Туркийн өмнөд нутгийн Килис хотод Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган очих үеэрээ дүрвэгчдэд хандан үг хэлжээ.

Дээд боловсролтой дүрвэгчдэд онцгой шаардлага тавихгүйгээр Туркийн иргэн болгох асуудлыг ДХЯ хэдийн судалж, тодорхой арга хэмжээ авч эхэлсэн гэдгийг тэрбээр дурдсан байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “аж амьдралаа сайжруулахын зэрэгцээ манай улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах эдгээр ахан дүүстээ бид Туркийн иргэн болох боломж олгон тусална” гэжээ.

НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдсэнээр, Туркэд Сирийн 2.7 сая гаруй иргэн амьдарч байна.

Туркэд байгаа гурван сая орчим дүрвэгчдийн 260 мянга нь майхан хуарангуудад амьдардаг бол ихэнх нь тус улсын хотуудад тархан суурьшсан байна.

Г.Доржханд

 

 

 

 

sgl/lma/ort

Холбоотой мэдээ