"Сумын төвийн шинэчлэл" төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-05 20:46:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилтэд улсын комисс ажиллаж хяналт тавив.

Сумын төвийн шинэчлэл төсөл нь УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн өртгөөр  Өлзийт суманд хэрэгжиж буй бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бурхан хясаат” ХХК ажиллаж байна.

Өлзийт сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төр захиргааны байгууллага шинэ байртай болж, өдгөө Соёлын төвийн барилга барьж буй. Төслийн хүрээнд сумын төвийн барилга байгууламжийг шинэчлэхээс гадна сумын төвийн айл өрхүүд төвлөрсөн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээнд холбогдож, сумандаа хот сууринаас дутахааргүй амьдрах орчин бүрдүүлэх юм. Түүнчлэн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто болон явган хүний зам тавих, гудамж талбайг гэрэлтүүлэх зэргээр бүрэн шинэчлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар Өлзийт суманд усан сан, цэвэрлэх байгууламж /хоногт 50м3 хүчин чадал бүхий 3,6м х 11,4 хэмжээтэй ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төмөр бетон танк/, гадна дулаан хангамж, гадна усан хангамж, ариутгах татуурга, нийт 57,1 кв талбай бүхий одоо байгаа сургууль цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн өрөөнүүдийн засварыг хийж гүйцэтгээд байна.

Түүнээс гадна тохижилт, ногоон байгууламж буюу нийт 0,9 га талбайн мод бут зүлэг, явган зам, талбай, тоглоомын талбай, хайс хашаа, сүүдрэвч гэрэлтүүлэг, 0,8 км-ийн урттай, 6 метрийн өргөнтэй асфальт зам тус тус дуусах шатандаа явж байгаа аж.

Холбоотой мэдээ