"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-04 19:47:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг өнөөдөр /2021.10.04/ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор  санаачлан эхлүүлж буй.

Мод тарих үндэсний өдрөөр албан ёсоор эхлүүлж буй тус хөдөлгөөний нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд төрийн албан хаагчид болон 1500 гаруй иргэн оролцов.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, “Энэ хавар 26 мянган мод шинээр тариалж, усалгааны системийг шийдвэрлэн, шаардлагатай цэгүүдэд гүн өрмийн худаг шинээр гаргаж, 50 гаруй хүнийг ажлын байраар ханган арчилгаа усалгааг тогтмол хийж байна. Тэгвэл энэ намрын тариалалтаа өнөөдөр эхлүүлж нийт 20 мянган модыг нэмж суулган ойн зурвасаа 15 метр өргөсгөх болно. 2022 оны улсын төсөвт Баянхонгор аймгийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажилд 1 тэрбум төгрөгийг суулгаж өгснөөрөө бид нэг сая давуулан мод тарих, ургуулах  нөхцөлөө бий болголоо" хэмээн онцолж байв.

Баянхонгор аймаг иргэдийн байгаль экологийн боловсрол, хандлага, ажлын үр дүнг тодорхойлж урамшуулахаар өнгөрөгч хавар "Нэг иргэн – Нэг мод" аяныг өрнүүлсэн билээ. Тус уралдааныг Байгальд ээлтэй шилдэг өрх, Байгальд ээлтэй шилдэг идэвхтэн шалгаруулсныг мөн үеэр шагнаж урамшуулав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 48 төрийн байгууллагын алба хаагчид өнөөдөр ойн зурвас буюу Түйн голын сав дагуу зургаан төрлийн 5000 мод тариалах бөгөөд сум дундын ойн ангиас байгууллагуудад хуваарилан өгснөөр төрийн албан хаагчид мод тарих, ургуулах үндэсний хөдөлгөөнд нэгдэж ойн зурваст намрын тариалалтаа эхлүүллээ.

Ташрамд дуулгахад, Иргэд тус хөдөлгөөнд сайн дураараа нэгдэж болох бөгөөд “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-т хандан гоёлын болон жимсний модны суулгацыг авч тариалж болох юм байна.

Холбоотой мэдээ