“Хамгийн сайхан хот” нэгэн жарны туурвил болжээ

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
sarantsetseg@montsame.mn
2022-01-10 11:02:22

    “Миний сайхан хот” нэртэй нэгэн түүхчилсэн кино концертыг нягтлан үзээд өөрийн саналаа хэлье гэж бодлоо. Энэхүү уран бүтээлийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хэсэг уран бүтээлчид Дархан хотын 60 жилийн ойд зориулж бүтээжээ. Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ой өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд болох үед уг уран бүтээлийг нийтэд толилуулсан. Кино концертын хувьд урьд өмнө нь цөөнгүй дуучид, хөгжмийн зохиолчид уран бүтээлээ кино концерт болгон, зарим нь төрөлх нутаг усандаа очиж, зарим нь дуу бүрийнхээ өгүүлэмжид тулгуурлан бүтээж аль нэг телевизээр нийтэд хүргэж ирсэн. Гэтэл энэхүү “Хамгийн сайхан хот” хэмээх түүхчилсэн кино концерт нь түүхчилсэн гэдгээрээ судлаач хүний хувьд ихэд сонирхон, уг бүтээлийг задлан шинжилж үзэх шаардлагатай гэж үзсэн билээ.

      Уг кино концерт нь өнгөцхөн харахад “Залуучууд” театрын дуучин Д.Бибишийн дуулсан дуунуудын кино концерт мэт боловч Дархан хотын бүтээн байгуулалтын түүхийг хотын суурь тавихаас өмнө шинэ хот байгуулахаар урьдчилж байгуулсан “Захиалагчийн Товчоо”-ны даргаар ажиллаж байсан Д.Пэлжээ, түүний амьдралаар дамжуулж Дархан хотын түүхийг өгүүлсэн нь илт байна. Халх голын дайны баатар Л.Дандарын командалсан алдарт Зургадугаар морьт Отрядын комиссар Д.Пэлжээгийн ажил амьдралыг хүүхэд нас,  идэр нас, өтөл насыг нь туулж өнгөрүүлсэн амьдралаар бүтээсэн нь нэг талаас энэ хүний тухай өгүүлж байгаа хэдий ч, нөгөө талаар Дархан хотыг бүтээн байгуулж ирсэн жаран  жилийн түүхийг өгүүлснээрээ ихэд онцлог болжээ. Кино концертын зохиолыг “Залуучууд” театрын жүжигчин Л.Хишигсүрэн бичиж продюссерээр нь тус театрын дарга А.Болорсүх, найруулагчаар театрын Уран сайхны удирдагч Г.Саранчимэг, Зургийн даргаар тус театрын зураач Г.Хашцэцэг, зөвлөхөөр нь СГЗ М.Хунлиуз, “Дархан нутаг” судлаач Д.Жамбалдорж, Д.Пэлжээ агсны ар гэрийг төлөөлж бэр н.Лхамсүрэн нар ажиллажээ.

Кино концерт эхлэхээсээ аваад дуусах хүртэл СТА дуучин Д.Бибиш гол дүр болон нийт есөн дууг дуулсан нь дуу болгоны өгүүлэмжид тааруулж зураг бичлэгээр дүрсжүүлж дуу болгонд нь бие даасан клип бүтээсэн нь сонирхолтой болжээ. Кино концерт эхлэхдээ домогт комиссар Д.Пэлжээгийн бага насаар эхэлж байгаа нь хожим нь Дархан хотыг бүтээн байгуулах эзэд тухайн үед ийнхүү хөдөө нутагт өсч торниж байгааг өгүүлсэн хэрэг аж.

     Дархан хотыг эх орны өнцөг булан бүрээс ирсэн илгээлтийн эзэн хөвгүүд охид, цэргийн албан хаагчид, иргэд, бусад орны мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн цогцлоосон билээ. Дуучин Д.Бибишийн эхний дуу нь энхрий үрс, аав ээжийн гар дээр өсч буй бага насыг харуулсан бол хоёр дахь дуу нь “Цагаан худгийн бүсгүй” юм. Эзэнгүй зэлүүд нутагт хот сүндэрлэж, захын гэр хорооллын цагаан худгаас ундны усаа авдаг нь тухайн үеийн илгээлтийн эздийн амьдрал, бас залуучуудын дунд өрнөх хайр дурлалын дүр зураг уг дуунд тусгалаа олж, тэр бүхнийг шинэ зураг авалтаар дүрсжүүлсэн нь тэр үед “Яг л ийм байсан байх даа” гэсэн сэтгэгдлийг хэн бүхэнд төрүүлнэ. Дууны дараа залуу хүү Д.Пэлжээ эр цэргийн албанд мордож улмаар Орос Улсад КУТВ, дараа нь Тамбовын Морин цэргийн сургуульд суралцах үедээ Л.Дандартай танилцан нөхөрлөж байгаа дурсамж яриаг сонирхолтой сэжмээр холбож, харилцан ярианы аргаар өгүүлж байгаа нь оновчтой болжээ. Энэ хэсэгт авсан зураг авалтууд нь Орос нутгийн байгаль, орос ахуй, орос хүмүүс оролцож, бас тоглож яваад усанд живж байгаа орос хүүхдүүдийг тэр хоёр аварч байгаа хэсэг ч бас сонирхол татна. Дуучин Д.Бибиш нь дан ганц зохиолын дуугаар кино концертыг бүтээсэнгүй, гурав дахь дуу нь эхийн ачлал элбэрэлийн тухай ардын дуу аж.

     Дууг дүрсжүүлсэн бичлэг нь дууныхаа өгүүлэмжийг тодотгож үзэгчдэд цэгцтэй ойлголт өгч бас уран сайхны таашаал авахад нь нийцсэн бичлэгүүд орсон байна. Дөрөв дэх дуу нь “Дархан хилийн зүг” дуу юм. Мөнөөх Д.Пэлжээгийн залуу нас агаад дайны талбарт дайчин нөхдийнхөө дунд цэрэг хувцастайгаа дуулж байгаагаар эхэлж байна. Тэрээр уг дууны үг, аялгуунд таарсан кино бичлэг ашигласан нь оновчтой болжээ. Энэ нь үзэгчдийг дайны талбар руу хөтлөн аваачиж Халх голын дайн гэж тухайн үед ямар юм болж байсан бэ гэдгийг сануулж, ялангуяа залуу хойч үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой ач холбогдолтой хэсэг болж чадсан байна. Мөн дууны үг өгүүлэмж, оруулсан бичлэг агуулгад яв цав таарч байгаа нь олзуурхууштай амьд болсныг тэмдэглэх нь зүйтэй. Тав дахь дуу нь “Дайчин нөхрийн дуу” ажээ. Халх голын болон чөлөөлөх дайнд оролцсон домогт комиссар Д.Пэлжээ нь энх цагийн бүтээн байгуулалтад оролцож Дархан хот байгуулах их үйлсэд “Захиалагчийн товчоо”-ны анхны дарга, өмнө нь буу барьсан цэргийн хүн байсан бол харин одоо цүнх барьсан албаны хүн болсныг дуучин Д.Бибиш Д.Пэлжээгийн идэр насны дүрийг тун ч сайхан бүтээжээ. Энэхүү “Дайчин нөхрийн дуу”-ны шүлгийг Төрийн шагналт Ч.Чимид агсан тухайн үед домогт комиссар Д.Пэлжээд зориулан бичсэн нь дуу болж: “...Саарал шинэлээ тайлаагүй

                                   Буурал найз минь хаа явна аа

                                   Дархан хотын барилга дээр үү

                               Торгон хилийн зааг дээр үү ...” гэсэн бадаг нь дан ганц комиссарт зориулсан мэт байгаа ч чухамдаа тухайн үеийн цэргийн албан хаагчид энх цагийн бүтээн байгуулалтад шилжин ажиллаж байсан үеийг төлөөлүүлж өгүүлсэн гайхалтай дуу байсан билээ. Зургаа дахь дуу нь хайрын тухай, бүүр тодотговол ханийн тухай дуу байна. Мөнөөх цэргийн алба хааж, дайн тулаанд оролцож, бас шинэ үеийн шинэ хотыг бүтээн байгуулалцахаар зорьж ирсэн ганц бие залуу маань хайрлах хүнтэйгээ учирч гал голомтоо бадрааж өрх гэрээ барьж, үр хүүхдээ төрүүлэн өсгөж байгааг тод томруун гаргаж тавьжээ.  

    Энэ бүхэнд нь таарсан дүрс бичлэг хийсэн улам бүр утга төгс болсон аж. Долоо дахь нь “Цэцэгчний хүслэн” дуу юм. Энэ нь Д.Пэлжээ хэмээх Дархан хотыг байгуулалцсан идэрхэн эр жаран жилийн туршид өөрийнхөө оролцож бүтээсэн хотдоо энх тунх аж төрж, залуу цагийн тас хархан үс нь цал буурал болж хийж бүтээсний нь гэрч баталгаа болсон одон медалиуд нь энгэр дүүрэн гялалзаж, ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа дунд бие эрүүл, сэтгэл амар жарган суугааг өгүүлсэн нь Дархан хотыг байгуулалцсан мянга мянган буурлуудын төлөөлөл болж чаджээ. Дайнд оролцож дархан ялалтаа байгуулсан ахмад дайчин үр хойчоо “дайны тоосыг бүү үзэг” хэмээсэн чин хүсэл нь дууны өгүүлэмжээр тодрон олон нийтэд хүрч байгаа нь зөв болсон байна. Энэ хэсэгт өмнө нь Дархан хотыг анх байгуулж байхад уулзаж ярилцаж байсан хоёр бүсгүй, хожим нь настай эмээ болсон хойноо уулзаж залуухан үеэ дурсан ярилцаж байгаа, бас тухайн үед пионер байсан охин бэр нь болж байгаа зэрэг бодит түүх орсон нь үнэмшилтэй болсон зэрэг нь ололт юм. Энэ хэсэгт Д.Пэлжээгийн Дархан хотод барилцсан барилгууд, зургийн цомогт орсон зургууд, дурсамж яриа зэргийг дуучин маань сурвалжлагч болон авч байгааг сайхан найруулжээ. Найм дахь дуу нь “Уянга цагаан хуруу” хэмээх алдартай дуу юм.

     Дууны шүлгийг Дархан хотын Утга зохиолын дугуйлангийн анхны гишүүдийн нэг П.Авирмэд бичсэн, Нэхий Эдлэлийн үйлдвэрийн оёдолчдод зориулж тухайн үед бүтээгдсэн гэдэг билээ. Үүгээр Дархан хот нь үйлдвэрийн хот гэдгийг харуулж бусад үйлдвэрүүдийн зураг бичлэгийн оруулсан нь оновчтой гэхээс өөрөөр яах ч билээ. Хамгийн сүүлийн дуу нь “Хамгийн сайхан хот” хэмээх Дархан хотын сүлд дуу юм. Дууны шүлгийг АУЗ Д.Пүрэвдорж бичиж, хөгжмийг нь Төрийн шагналт Д.Лувсаншарав зохиосон дуу билээ. Энэ дуунд гарах зураг авалтыг өнөөгийн Дархан хотын өнгө төрхийг бүрэн тусгаж харуулснаараа өнгөрсөн жаран жилд Дархан хот хэрхэн хөгжиж ирсэн, ямар хот болсныг харуулсан тун ч гоё хэсэг юм. Энэ мэтээр уг кино концертын тухай, агуулгыг нь яривч барагдахгүй учир хэсэглэн авч өгүүллээ. Одоо уг кино концертын зохиолынх нь талаар товч өгүүлье. Түүхт хүний дүрийг бүтээж түүгээр дамжуулж бүхэл бүтэн хотын нэгэн жарны түүхийг уран сайхны аргаар илэрхийлж ийм сайхан бүтээл гаргана гэдэг тийм ч амар ажил биш ээ. Кино концерт буюу теле концертыг нэг хүний бүхэл бүтэн амьдралаар төлөөлүүлж, нэгэн хотын түүхийг давхар өгүүлнэ гэдэг ганц нэг хүний хийх ажил биш учраас бүхэл бүтэн Баг гар сэтгэл нийлж урт хугацаанд ихээхэн хүчин чармайлт тавьж байж хийсэн нь илт байна. Бичлэгийг татаж аваад үзэхэд оролцсон хүн бүхний хичээл зүтгэл илт харагдана.

    Тиймээс л зангидсан гар шиг баг ажиллажээ гэж ойлгогдож байна. Хүн хүчнээс гадна унаа, газар орон, техник хэрэгсэл, цаг хугацаа, тухайн орчин нөхцөл, айл гэр, албан өрөө, босч явах, суух сандал, хувцас хэрэглэлээс өгсүүлээд тоочоод баршгүй.

Энэ бүхний эцэст Монголын урлагт нэгэн шинэ хуудас нээсэн сайхан бүтээл мэндэлжээ гэж олзуурхан тэмдэглэж байна. Зохиолын хувьд удаан хугацаанд боловсруулсан ул үндэстэй судалгаанд суурилж нарийн төлөвлөсөн нь харагдана. Зохиол нь нэг хүний бага наснаас өтөл нас хүртэлх урт хугацаанд тухайн хувь амьдрал, эсвэл суурийнхаа шав тавьсан нэг хотын аж амьдралыг нэгэн шугамд зангидаж бүтээсэн нь учир зүйн хувьд тун ч оновчтой болсон байна. Кино концертод гарч байгаа дүрүүдийн хоорондын харилцан яриа богино оновчтой, жүжиглэлт үнэмшилтэй, өмссөн хувцас хэрэглэл тухайн цаг үеийн ахуй, шинжийг бүрэн агуулсан, тэр болгон нь дууныхаа өгүүлэмжид тохирсон. Ялангуяа дуучин Д.Бибишийн дэлгэцэд гарч ирэх болгон нь уг хэсгийнхээ утга санааг тодотгосон, дуугаа мэргэжлийн хүний хувьд сайн дуулж үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч чадсан. Дуучин хүн гэхэд драмын эсвэл кино жүжигчнээс дутахааргүй дүрээ бүтээсэн, дэлгэцэд гарч ирэхдээ дүр бүртээ итгэлтэй, нүүрний хувирал нь хэлж байгаа үгийнхээ агуулгад нийцүүлж өөрчилж итгэл үнэмшилтэй жүжиглэсэн гэж үзэж байна. Наад зах нь л дуугаа зогсож, сууж, ганцаар, бас бусдын дунд гэх мэт. Мөн гарч ирэх бүрдээ өөр өөр хувцастай, малгай нь өөр өөр, зарим үед малгайгүй, бүрхтэй, цэрэг малгайтай, нүдний шилтэй зэргээр дуугаа дуулж байгаа нь үзэгчдийг уйдаахгүй байгаа нь харагдана.

    Бас өөрийн нүүр будалт, сахал имидж зэрэг нь сайн зохицсон гэж үзэж болно. Энэхүү концертыг жүжигчин Г.Хишигсүрэн, дуучин Д.Бибиш, эхнэр Г.Хашцэцэг нар анх санаачилсан бол дуучин Д.Бибиш Д.Пэлжээгийн идэр насанд, хүү Б.Баянмөнх нь хүүхэд насны дүр, охин Б.Ганди нь дурсамж өгүүлэгч дуучны охины дүр бүтээснээр эднийх гэр бүлээрээ оролцон тогложээ. Харин Д.Пэлжээгийн ахмад насны дүрийг М.Төмөр чадварлаг бүтээсэн байна. Д.Пэлжээгийн эхнэр н.Сэрчмаагийн залуу насны дүрийг Л.Уянга, өтөл насыг Б.Оюунчимэг нар тун сайн бүтээсэн байна. Энэ бүтээлд “Залуучууд” театр ихээхэн ач холбогдол өгч жүжигчдээ дэмжиж оролцсон нь сайшаалтай. Дархан хотын хүндэт иргэн, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Пэлжээ агсан болон түүний гэр бүлээр төлөөлүүлж, Дархан хотын 60 жилийн түүхийг өгүүлэх энэхүү бүтээлийг маш олон хүн оролцон тоглож амжилттай бүтээжээ. Бүтээлийн төгсгөлийн хэсэгт хөтлөгч: “Дархан хотыг ийм л хүмүүс бүтээн байгуулсан юм шүү гэхэд охин нь:-Ааваа би өдөр бүр хичээнээ гэж Дархан хотыг бүтээн байгуулалцсан буурлуудын гавьяат үйлсийг залуу хойч үеийнхэн нь итгэл төгс залгамжлан авч байгаа амлалт, бас уриа дуудлага болж байгаа нь утга төгс өгүүлэмж юм. Хот болгон өөрийн гэсэн нэг уриатай байдаг. Харин Дархан хотын хувьд “Миний хот” гэсэн уриатай билээ. Зохиогчид нь энэ уриаг малгай гарчиг болгон авч кино  концерт болгосон нь туйлын оновчтой, бас их сонирхолтой болгожээ. “Хамгийн сайхан хот” хэмээх энэхүү уран бүтээл нь хэдийгээр дууны концерт боловч нэг хүний аж амьдралаар дамжуулж, нэгэн үеийнхний амьдралын зам, нэгэн хотын бүтээн байгуулалтын жаран жилийн түүхийг өртөөчлөн өгүүлж байгаагаараа онцлог, бас их сонирхолтой, шинэлэг бүтээл болсныг бахархан тэмдэглэж байна.

 

                                                                                                                                                                                     Б.Норовсамбуу 

Холбоотой мэдээ