УИХ-ын Анхдугаар чуулган албан ёсоор нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-05 11:34:51

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдаж буй УИХ-ын Анхдугаар чуулганыг 11.05 минутад албан ёсоор нээлээ.  

Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо, УИХ-ын гишүүнд шинээр сонгогдсон гишүүд ээ.  Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. СЕХ УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Иймээс УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулахад бэлэн боллоо. Сонгуулийн ирц анх удаа өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээлээ. Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн ажлыг сайн зохион байгуулсан гэж дүгнэж байна. Сонгуульд ажилласан бүх албан хаагчдад талархал илэрхийлье.

 Шинэ УИХ-д захиж хэлэх 5 зүйл байна.

Үүнд УИХ-ын үйл ажиллагаа Төрийн албаны хариуцлагын тухай хуулиар эхлээсэй гэж хүсч байна. Хоёрт олонх болсон МАН Засгийн газрыг хяналттай, ажил үүргийн давхардалгүй, хариуцлагатай бүрдүүлэх, төрийн албаны тогтвор суурьшлыг харгалзан ажиллах, өмнөх Засгийн газрын ололт дэвшилтийг хадгалж үргэлжлүүлэхийг захив.

Монголын түүхт төрийн дээд байгууллагын түшээ болно гэдэг их үүрэг хариуцлага. Үүнд тэнцэж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний бүрэн эрхийг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь ард түмний сонголтод нийцнэ. УИХ-ын Анхдугаар чуулган нээснийг мэдэгдэж байна" гэв.

Ингээд хуралдааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үргэлжлүүлэн даргалж, хуралдааны дэгийн дагуу 7 дахь удаагийн сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулав. Тэрбээр “Энэ удаагийн сонгуулийг шинэ, дэвшилтэт технологийг ашиглаж амжилттай зохион байгууллаа. Аймаг, нийслэлийн 22, сум дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 санал авах байр, мэдээлэл технологийн 31 баг, нийт  20 гаруй мянган төрийн жинхэнэ албан хаагч ажиллалаа.  

Дэлхийн олон улс орнууд Монгол Улсын сонгуулийг анхааралтай ажиглаж байлаа. ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали зэрэг нийт 43 улсаас сонгуулийг ажиглах баг бүрэлдэхүүн бүртгэгдэж, хүрэлцэн ирлээ. Мөн гадаад дотоодын 84 хэвлэл мэдээллийн байгууллагын 546 сурвалжлагч сонгуулийн үйл ажиллагааг сурвалжилж ажиллав.  

Энэ удаад УИХ, Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулж, бүрэн автоматжуулсан технологийг ашигласан зэргээр ихээхэн онцлог байв. Мөн сонгуулиас сонгуульд буурч ирсэн сонгогчдын ирц энэ удаад өндөр өсөлттэй гарч, нийт сонгогчдын 73.8 хувь нь сонгуульдаа оролцож саналаа өгөв.

Санал хураалтын дүнг СЕХ 2016 оны 6 дугаар сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, тойрог тус бүрт өндөр санал авсан 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон түр үнэмлэх олгосон. 76 гишүүний 13 нь эмэгтэй, 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, 1 агрономич, 18 улстөр нийгмийн ухааны мэргэжилтэй хүмүүс байна.  

Сонгууль хууль тогтоомжид бүрэн нийцэж сонгууль хүчин төгөлдөр болсныг мэдэгдэхэд таатай байна” гэлээ.

Одоо УИХ-ын сонгуулийн дүн болон СЕХ-ны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж байна.  

Н.Гантуяа

Холбоотой мэдээ