Эмнэлгүүдийг нэмэлт тоног төхөөрөмжөөр хангахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-27 17:21:28

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал болж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

-Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлаар сумдын эрүүл мэндийн төвүүдийг ковидын эмнэлэг болгох бэлтгэл ажлыг ойрын хугацаанд хангах. Сумдад ногоон эмнэлэг байгуулах арга хэмжээг авах, холбогдох зардлыг шийдвэрлэхээр болов. Мөн ковидын нөхцөл байдалтай холбогдуулан сумдын Засаг даргын нөөц санг нэмэгдүүлж, болзошгүй нөхцөл байдалд уялдуулан зарцуулахыг үүрэг болголоо. Эмнэлгүүдийг нэмэлт тоног төхөөрөмж, түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах. Аймгийн төвд байрлах Уламжлалтын эмнэлэг болон Үе залгамжлагч эмнэлгүүдийг ковидын эмнэлэг болгох бэлтгэл ажлыг хангах, өвчтөн хүлээн авч эмчлэх нөхцөл бололцоогоор хангах. Шинээр дэлгэж байгаа эмнэлгүүдийг зайлшгүй шаардлагатай анхан шатны тоног төхөөрөмжүүдээр хангах.

Харин хүнд өвчтөн, өндөр настай иргэн, хүүхдүүдийг Халдвартын болон Хүүхдийн тасагт байнга хэвтэж эмчлүүлэх бололцоог хангах. Сумдын эмнэлэгт хүчилтөрөгчийн баллоныг бэлтгэж, нөөц бүрдүүлэхэд анхаарах. Эмнэлэг, сургуулиудын эрчим хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангахад анхаарч, үзлэг шалгалт засварыг хийхийг холбогдох байгууллагуудад нь үүрэг болголоо. Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дэргэд тандалтын баг байгуулж, байнгын үйл ажиллагааг нь тасралтгүй хангах тал дээр илүү анхаарах. Эмчгүй сургууль, цэцэрлэгийг эмч, эмнэлгийн мэргэжилтнээр хангах. Аймгийн сургууль цэцэрлэгүүдийн дэргэд тандалт хийх, шинжилгээ авах төвүүдэд ажилтан бэлтгэж, сургалтад хамруулахаар болов.

 

Сургуулийн танхимын сургалтыг тасралтгүй явуулна

БСШУ-ны сайдын тушаалд заасны дагуу сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахаар болов.

Хүйтний улирлаас өмнө хоёр сарын хугацаанд аль болох танхимаар хичээллүүлэх бололцоог хангахыг ерөнхий боловсролын сургуулиудад үүрэг болгов. Гэхдээ ковидын хавьтал болсон,  халдвартай нь шинжилгээгээр батлагдаж тусгаарлалтад байгаа суралцагчид танхимын хичээлд хамрагдахгүй. Түүнчлэн энэ жил аж ахуйн нэгж, иргэдээс хандиваар цугларсан хамгаалах хувцас хэрэгслийн судалгааг гаргаж, үлдсэнийг сумдад хуваарилах.  Аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэл хяналтын системийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. Бүртгэл хяналтыг улам сайжруулах арга хэмжээ авах. Зам давааны өвлийн улирлын замын арчлалт хамгаалалтын ажлыг тухай бүр нь яаралтай шийдвэрлэхээр боллоо.

 

Тосонцэнгэлийн эмнэлэг тойргийн сумдын ковидын өвчтөнүүдийг хүлээн авч эмчилнэ

Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт тойргийн дөрвөн сумын ковидоор өвдсөн өвчтөнүүдийг хүлээн авч эмчлэхээр болов. Тодруулбал, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумын ковидоор өвдсөн өвчтөнүүдийг Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлэхээр боллоо. Тиймээс Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг ковидын эмнэлгийн орны тоогоо нэмэгдүүлэх. Харин зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү зөөвөрлөж эмчлүүлэхээр шийдвэрлэв. Мөн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн засварын ажлыг яаралтай дуусгаж ойрын хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг тус тус аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлаар тус тус шийдвэрлэж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ.  

 

Холбоотой мэдээ