Энэтхэг болон Пакистанд үерийн улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-05 09:59:55

ШИНЭ-ДЕЛИ. /АР/. Энэтхэг болон Пакистанд ширүүн бороо орсны улмаас үер болж, хөрсний нуралт үүссэнээр 40 гаруй хүн амь эрсэджээ. Эдгээр улсад борооны улирал болж байгаа юм.

Энэтхэгийн хойд нутгийн Уттараханд мужид өнгөрсөн долоо хоногоос хойш аадар бороо орсны улмаас өргөн уудам газар нутаг үерт автжээ. Тус мужид наад зах нь 12 хүн амиа алдаж, 18 хүн сураггүй алга болоод байна.

Тус мужид хөрсний нуралт үүссэний улмаас 25 хүн мөн сураггүй алга болоод байгаа ажээ.

Түүнчлэн Пакистаны баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужийн алслагдсан бүсэд үерийн улмаас наад зах нь 30 хүн амиа алдсан байна.

Цэрэг болон цагдаагийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ