Африкт нийлүүлэх вакциныг долоо дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-09-24 17:16:03

БРАЗЗАВИЛЬ. /UN/. Африкийн хүн амын амын 70 хувийг 2022 оны есдүгээр сар гэхэд бүрэн вакцинжуулахын тулд сард нийлүүлэх вакцины тунгийн хэмжээг 20 саяас 150 саяд хүргэн долоо дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдэгджээ.


Дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд энэ долоо хоногт зохион байгуулсан “COVID-19”-ийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр дэвшүүлсэн юм.


“Дээд хэмжээний уулзалт Африкт итгэл найдварын гэрлийг асаалаа. Улс орнууд вакцины хандиваа нэмэгдүүлж, хүмүүсийн амь насыг аварч, урьдынхаас сайхан ирээдүйг цогцлоохын төлөө үүрэг амлалт өглөө. Олон улс эв санаагаа нэгтгэснээр цар тахлаас ангижирч чадна. Африкийн олон сая иргэний амь настай холбоотой асуудал учир вакцины нийлүүлэлтийг хойшлуулах цаг байхгүй” гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан тэргүүн Матшидисо Моэти мэдэгджээ.


Дэлхий дахинд “COVID-19”-ийн вакцинуудыг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөр вакцины хомсдол, экспортын хоригийн улмаас энэ онд Африкт нийлүүлэхээр төлөвлөсөн вакцины хэмжээгээ 25 хувиар бууруулахад хүрээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт тус хөтөлбөрөөс Африкийн орнуудад дөрвөн сая тун вакцин нийлүүлжээ. Гэвч чинээлэг орнууд 2021 оны эцэс гэхэд Африкт нийлүүлэхээр амласан вакциныхаа ердөө гуравны нэгийг нь хүлээлгэн өгсөн байна.


Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, тивийн хэмжээнд лхагва гаргийн байдлаар 136.3 сая тун вакцин тарьсан бөгөөд нийт хүн амын ердөө 4.06 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Африкт “COVID-19” халдварын 8.2 сая орчим тохиолдол бүртгэгдээд байна. Мөн “Дельта” хувилбар 38 оронд, “Альфа” хувилбар 45 оронд, “Бета” хувилбар 40 оронд илэрчээ. 

Холбоотой мэдээ