ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийг бүрэн шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-22 18:24:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХСҮТ-ийн бүтэн жил гаруй хугацаанд засварлан шинэчилсэн эрчимт эмчилгээ, хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн нээлт өнөөдөр боллоо.

 

Цацраг туяа эмнэлэг 1961 онд байгуулагдсанаар Монгол Улсад хавдар судлалын алба үүсэж энэ онд 60 жилийн ой нь тохиож байна. Тус эмнэлэг 1982 онд тухайн үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан шинэ цогцолбор болох одоогийн энэ байрандаа нүүж орсноор хавдар судлалын төв болон үйл ажиллагаа нь өргөжин тэлжээ.

 

Тэр үед байгуулагдсан хагалгааны 2 ортой мэс заслын өрөөг дундуур нь тусгаарлан 4 ортой болгон өргөжүүлсэн хэсэгт хавдрын бүх төрлийн мэс заслуудаас эхлээд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хүртэлх том хэмжээний хагалгаа хийж байсан. Эдгээр өрөөний зохион байгуулалт, багтаамж, тоног төхөөрөмж, тоноглолт гээд бүхлээрээ элэгдэн хуучирч өнөөгийн шаардлагыг хангахгүй хоцрогдсон нь тус төвийн гол тулгамдсан асуудлын нэг болсоор өнөөг хүрсэн юм.

 

Харин өнөөдөр тус төв үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэл, ЭМЯ, төр засгийн дэмжлэгтэй 1982 оноос хойш анх удаа иж бүрэн шинэчлэн засварлаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, ламинар урсгал бүхий дэлхийн жишигт нийцсэн, бүрэн вакуумжсан 6 хагалгааны өрөө, 6 ортой сэрээх өрөө бүхий хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг, 9 ор бүхий эрчимт эмчилгээний тасагтай боллоо.

 

ХСҮТ жилд дунджаар ерөнхий унтуулгатай 3500 гаруй хавдрын хагалгааг хийдэг байсан бол Хагалгаа мэдээгүйжүүлгийн тасгийг бүрэн шинэчилж нийтдээ хагалгааны 8 өрөөтэй болсноор мэс засал эмчилгээг хийх боломж өнөөгийнхөөс 2 дахин нэмэгдэж, жилдээ 6200 хүнд үйлчлэх хүчин чадалтай болж байна.

 

Энэ томоохон бүтээн байгуулалтын ажил нь Монгол Улсад хавдрын мэс заслын хөгжлийг хурдасгах, шинэ дэвшилтэт технологи нутагшуулах, хагалгааны нэр төрлийг олшруулах, хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулахад чухал нөлөөтэй юм.

 

Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд Н.Энхболд, Монгол Улсын  Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Наран ижий заяа ТББ-ын захирал, хавдрыг даван туулагч Ш.Ариунаа, БГД-ийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд нар оролцов.


Холбоотой мэдээ