Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-09-22 12:49:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил албан ёсоор эхэлснийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тодруулбал тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд, Эрчим хүчний яамтай энэ сарын 18-нд түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус цахилгаан станцын барилга угсрах ажлыг “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компани гүйцэтгэх юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих төсөл юм.


Уг 90 МВт-ын станцыг Ховд голд барих судалгааг 1964 онд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд судалсан байна. Улмаар 2018 онд Монголын тал дахин судалж, уг станцыг барихаар болсон юм. Уг төслийг БНХАУ-аас Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бөгөөд ТЭЗҮ-гээр 288 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Гэхдээ тендерт шалгарсан компаниуд 271 сая ам.доллароор бүтээн байгуулахаар тохирсон бөгөөд барилга угсралтын ажил 61 сар үргэлжлэх аж.


Улмаар уг станцын эх үүсвэрийг Монгол Улсын цахилгааны нэгдсэн сүлжээнд холбох Эрдэнэбүрэн-Мянгад, Мянгад-Улиастайн цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээг тавих ёстой юм. Уг сүлжээний ТЭЗҮ-ийг боловсруулах ажил ирэх оны нэгдүгээр сард дуусах юм.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Уг станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно. Одоогоор тус бүсийн аймгууд нийт эрчим хүчнийхээ 70 хувийг ОХУ-аас импортоор авч байна. Станцын 1 кВт цахилгааны үнэ 5.3 цент буюу 150 төгрөг байх юм. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж байгаа эрчим хүчний тариф өөрчлөгдөхгүй гэсэн үг. Дэлхий нийт дулаан, эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэж байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС энэ жишигт нийцэж байна” гэв.


Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор,

-Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.

-УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно.

-Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ.

-Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ.

-Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.

-Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

-Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө болох юм.

Холбоотой мэдээ