Г.Тунберг дэлхий даяар жагсаал өрнүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-09-22 12:06:27

СТОКХОЛМ. /NHK/. Шведийн залуу идэвхтэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалан баасан гарагт дэлхий даяар жагсаал өрнүүлэхийг байгаль хамгаалагч залуу идэвхтнүүдэд уриалжээ.


Дэлхийн удирдагчид АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд уур амьсгалын өөрчлөлт гэх мэт дэлхий дахинд тулгамдаж асуудлуудын талаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Г.Тунберг тэргүүтэй идэвхтнүүд ийнхүү уриалсан байна. 


Тийнхүү Г.Тунберг болон бусад идэвхтнүүдийн санаачилсан “Ирээдүйн төлөөх баасан гараг” хөдөлгөөн баасан гарагт дэлхий даяар жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Г.Тунбергийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. 


“Өнөө цагт удирдагчид ирээдүйнхээ төлөө санаагаа үл чилээж, залуучуудын дуу хоолойг сонсохгүй байна” гэж тэрбээр хэлээд, баасан гарагт болох жагсаалд аль болох хүн оролцоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.


2019 онд болсон НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр өрнөсөн “Ирээдүйн төлөөх баасан гараг” жагсаалд дэлхий даяар хэдэн сая хүн оролцсон юм. Харин өнгөрсөн онд ийм төрлийн үйл ажиллагаа 150 оронд болсны дийлэнх нь цахимаар явагджээ. 

Холбоотой мэдээ