Нум сум агссан гурван морьтны сүг зургийг нутгийнхан "Гурван баатар" хэмээдэг

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-20 18:43:40
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байх нум сум агссан гурван морьтны сүг зургийг  нутгийнхан "Гурван баатар" хэмээн нэрлэдэг.
Сэврэй уулын өврийн буюу сумын төвөөс 15 км орчим зайд орших хаднаа хонхойлон цоолборлосон нэлээд тооны хадны зургийг Г. Гонгоржав, Г.Энхбат нар 1997 онд олж илрүүлжээ. Нутгийнхан "Гурван баатар" хэмээн нэрлэдэг нум сум агссан гурван морьтон, эдгээрийн дэргэдэх янгирууд, нохой маягийн амьтан мөн адуу, ганц морьтон, зээр (эвэргүй), хүн, загас гэлтэй дүрслэл, тамганууд бүхий сүг зураг байдаг. Тэдгээрээс янгир намнаж буй морьтой анчдын зураг ихэд сонирхолтой. Энэ зурагт таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлжээ.

Янгирын сүрлэг махир эвэр, сүүлийг сөхөн үзүүлсэн ба анчид бүгд нум сумаар зэвсэглэснээр дүрсэлсэн байна. Нум нь энгийн хэлбэртэй бөгөөд зүймэл нум гарахаас өмнөх хүрэл зэвсгийн үеийнх гэж судлаачид үздэг. Морьдын чихийг урагш соотойлгож, нарийн урт сүүлийг ар тийш налуудуу унжуулах, урт хүзүүг дээш өлийлгөж бодит байдлаар дүрсэлжээ.

Зургийн ерөнхий төрх байдал, нумын хэлбэрээс үзэхэд эдгээр зураг хүрэл зэвсгийн үед холбогдох юм. Хонгорын голыг зорьж ирсэн аялагчид энэхүү содон сүг зургийг үзэх боломжтой. 

Холбоотой мэдээ