“BTS” хамтлаг ирэх сард цахим тоглолт хийнэ

Дэлхийд | Соёл урлаг
anudaritsagaan@gmail.com
2021-09-20 12:23:54

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг ирэх сард зохион байгуулагдах цахим тоглолтоороо дэлхийн өнцөг булан бүрт байгаа үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар болсон гэж “Big Hit” энтертайнментаас мэдэгджээ.


Тодруулбал, "BTS Permission To Dance On Stage " нэртэй цахим тоглолтыг ирэх аравдугаар сарын 24-нд шууд дамжуулахаар болсон талаар тус энтертайнментаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Үүнтэй холбогдуулан цахим тоглолтын тасалбарын борлуулагдаж эхлэх хуваарийг удахгүй зарлах аж.


"Дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх шүтэн бишрэгчид маань энэ өдөр бидэнтэй хамт цагийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт найдаж байна" гэж тус хамтлагийн рэпер Жон Хусог (J-Hope) албан ёсны "Twitter" хуудсандаа байрлуулсан дүрс бичлэгтээ дурджээ.


Долоон гишүүнээс бүрдсэн БНСУ-ын хамгийн алдартай хамтлаг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ, Япон, Герман зэрэг дэлхийн 18 орноор аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахлын улмаас жил гаруй хугацаанд хойшлогдоод байсан юм. Гэвч цар тахал өдийг хүртэл дэлхий даяар тархсан хэвээр байгаатай холбогдуулан тус хамтлаг "BTS Map of the Soul Tour" аялан тоглолтоо өнгөрсөн сард албан ёсоор цуцалснаа мэдэгдсэн билээ.


Түүнчлэн энэ оны зургаадугаар сард шүтэн бишрэгчидтэйгээ хийсэн "2021 Muster Sowoozoo" цахим уулзалтын арга хэмжээг дэлхийн 195 орны 1.3 сая хүн үзсэн байна.


Үүний зэрэгцээ “BTS” хамтлаг БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар НҮБ-ын үйл ажиллагаанд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зориод байгаа билээ. 

Холбоотой мэдээ