Төрийн үйлчилгээний "E-Mongolia" цахим системийн шинэчилсэн хувилбарыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2021-09-18 12:21:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний үйл ажиллагааг нээж үг хэллээ.


Тэрбээр, “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд анхны телефон станц  байгуулж, 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлж, өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Засгийн газар болон энэ салбарынханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг авах боломжтой байсан бол өнөөдөр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia”-д та, бид хамтдаа нэгтгэж чадсан байна. Төрийн үйлчилгээ цахимжсанаар өнгөрсөн хугацаанд иргэдэд 3.7 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, цахим хэрэглээ зургаа дахин нэмэгдэж, 733 мянган гар утасны хэрэглэгчтэй болж, иргэдийн цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэлт, унааны зардлаас 46 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан байна” гэв.


Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлэн, стратегийн зургаан зорилтыг тодорхойлоод байна. Энэ хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT EXPO” үзэсгэлэнгийн цар хүрээг өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний үйл ажиллагаа болгон, “Digital Nation-2021” нэр дор Соёлын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.


“Digital Nation 2021”-ийн үеэр төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системийн шинэчилсэн хувилбарыг олон нийтэд танилцууллаа.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “E-Mongolia систем  хиймэл оюун ухааныг ашиглан иргэдэд үйлчилгээ санал болгоно. Нэг үгээр хэлбэл, энэ системийг өмнө нь хэрэглэгч та зорьж үйлчлүүлдэг байсан бол одоо танд өөрөө үйлчилгээгээ санал болгоно. Цахим засаглалд шилжсэнээр авлигын индекс буурч, хувь хүнээс хамаарсан төрийн хүнд суртал багасна. Цахим бүртгэл, төрийн үйлчилгээний нэгдсэн утсанд холбогдсоноор иргэн таны, хувийн хэвшлийнхэн та бүхний төртэй харилцах харилцаа илүү ил тод, шуурхай болно” гэдгийг онцолсон юм.


Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна.

Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлж буйг зохион байгуулагчид нээлтийн үеэр онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлэв.


Холбоотой мэдээ