"Багануур" ХК-ийн төрийн эзэмшлийн  75 хувь 51 болж буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-04 15:05:30

Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрийн дагуу "Багануур" ХК-ийн Нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүллээ. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “Багануур” компанийн 9 сая 870287 ширхэг хувьцааг арилжсан юм.

Нэмж гаргаж буй нэгж хувьцааны үнэ 2650 төгрөг бөгөөд энэ нь “Багануур” компанийн нийт хувьцааны 32 хувьтай тэнцэж буй юм.

Багануур ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Ариунболд ярихдаа, “Багануур" компани 37 жил нийслэлийн нүүрсний хэрэглээний 70 орчим хувийг хангаж ирлээ. Өнөөдрийг хүртэл Засгийн газар “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшиж, үлдсэн 25 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байв. Харин нэмэлт хувьцааг гаргаснаар төрийн эзэмшлийн  75 хувь 51 болж буурч байна. Ингэснээр хувийн хэвшлийнхэн, иргэд 49 хувийг эзэмших боломжтой. “Багануур” ХК нийт 5000 орчим жижиг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тэд өөрсдийн эзэмшиж буй хувьцааны тоотой ижил хэмжээний хувьцааг худалдан авах эрхтэй. Өөрөөр хэлбэл 20 ширхэг  хувьцаа эзэмшдэг бол өнөөдрийн арилжаанаас 20 хувьцаа худалдан авах боломжтой  юм” гэв.

Хоёр өдөр үргэлжлэх арилжаагаар "Багануур" ХК  хөрөнгийн зах зээлээс 26 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх аж. Хөрөнгийн зах зээлээс бүрдүүлсэн тус мөнгөөр тус компани парк шинэчлэлт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тус компани 1997 онд Японы  хөрөнгө оруулалтаар парк шинэчлэл хийж байжээ.

Дашрамд дурдахад “Багануур” ХК 37 жилийн хугацаанд нийт 103 сая  тонн нүүрс олборлосон байна. Харин 2013 оноос хойш борлуулалт өсч, хасахтай гардаг тус үйлдвэр 2015 онд 1.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Ийнхүү ашигтай ажилласаныг зөв менежментээр удирдсанаас гадна Хөрөнгийн биржид нэмэлт хувьцаа гаргахтай холбоотой хэмээн Багануур ХК-ийн удирдлагууд ярьж байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ