Эрдэнэ суманд 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-16 18:23:14

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Эрдэнэ сумын 4000 иргэний эрүүл мэндийг хамгаалах, энэ чиглэлийн төрийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Тус барилгын ажлыг “Барилга менежмент” ХХК хийж гүйцэтгэх бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх юм.

Мөн шинээр барих эрүүл мэндийн төв нь шүдний лаборатори кабинеттай байх бөгөөд түүнд шаардлагатай тоног төхөөрөмжийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдэж, ёслолын үеэр Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн алба хаагчдад гардуулан өглөө.

Төв аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн барилга нь одоогийн байдлаар 15 ортой, хүний нөөцийн хувьд 24 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цар тахалтай энэ үеэр энэхүү эмнэлгийг тусгаарлах байр болгон ашиглаж, ахмадын хорооны байранд 6 ор дэлгэн ерөнхий эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.

Шинэ барилга ашиглалтад орсноор ерөнхий эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх Төв байр болгох ба хуучин эмнэлгийн барилгыг халдварт өвчин судлалын зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа талаар сумын удирдлага болон эрүүл мэндийн төвийн эрхлэгч мэдээллээ. 

 

 

Холбоотой мэдээ