“SpaceX” анх удаа энгийн хүмүүсээс бүрдсэн багтай хөлөг хөөргөлөө

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-09-16 09:55:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багтай “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөлөө.


Хөлгийг “Inspiration4” хөтөлбөрийн хүрээнд хөөргөсөн бөгөөд тойрог замд хийсэн анхны бүрэн арилжааны нислэг болжээ. Сансрын хөлөг бүхий “Falcon 9” зөөгч пуужинг АНУ-ын Зүүн эргийн цагаар 20 цаг 02 минутад Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөсөн байна.


Хөөргөснөөс хоёр минут 40 секундийн дараа зөөгч пуужингийн эхний угсраа салж, автомат горимоор буун Атлантын далай дахь хөвөгч тавцан дээр газарджээ.


Пуужин хөөргөснөөс найман минут 51 секундийн дараа пуужингийн хоёр дахь угсрааны хөдөлгүүрүүд унтарч, ойролцоогоор гурван минутын дараа хөлөг өөрөө хоёр дахь угсраанаас салсан байна. Үүний дараа “Crew Dragon” хөлгийн хамар дээр байрлах шилэн бөмбөгөр бүрхүүлийн хамгаалалтын бүрхээс нээгдэв. Хамгаалалтын бүрхээсийг аялал жуулчлалын зориулалтаар хөлөгт суурилуулсан бөгөөд Олон улсын сансрын станцтай /ОУСС/ холбох зориулалттай механизмын оронд байрлуулжээ.


Нислэг гурав орчим хоног үргэлжилнэ. Үүний дараа “Crew Dragon” доошлох маневр хийж, Атлантын далайд газардана. Гурван өдрийн нислэгийн үеэр сансрын хөлөг нь ОУСС-ийн тойрог замаас (420 орчим км) хамаагүй өндөрт 575 км өндөр тойрог замд гарна.



“Crew Dragon” хөлгийн багийн бүрэлдэхүүнд Мемфис хотын хүүхдийн эмнэлгийн, 29 настай эмч Хейли Арсеноулт, 51 настай, геологийн профессор Сайен Проктор, 41 настай, “Lockheed Martin” сансрын корпорацийн ажилтан Кристофер Семброски,  мөн ресторан, зочид буудлын төлбөрийн үйлчилгээ эрхэлдэг “Shift4 Payments” компанийг эзэмшигч, 38 настай, Америкийн тэрбумтан Жаред Айзекмэн нар багтжээ. Чухам тэрбээр хөлгийн бүх дөрвөн суудлын төлбөрийг төлжээ. Бизнес эрхлэгчийн хэлснээр, “Inspiration4” бол Теннесси муж улсын Мемфис хотын Сент-Жуд хүүхдийн судалгааны эмнэлэгт зориулж 200 сая ам.доллар босгохоор төлөвлөж буй сайн үйлсийн аян юм. Тэрбээр өөрөө эмнэлгийн дансанд 100 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд кампанит ажил эхэлснээс хойш энэхүү нислэгийн хөлгийн багийн гишүүн болох эрхийн сугалаанд оролцсон хүмүүсийг оруулаад янз бүрийн буяны байгууллагуудаас 13 сая ам.доллар цугларчээ.


Хөлгийн командлагчийн үүргийг гүйцэтгэж буй Айзекмэн тийрэлтэт онгоц жолоодох дуртай бөгөөд хувийн цуглуулгад нь МиГ сөнөөгч онгоц хүртэл байдаг гэнэ. Харин Сайен Проктор нь өмнө нь NASA -гийн сансрын нисэгчдийн эгнээнд элсэх гэж гурван ч удаа оролдож байсан бөгөөд Ангараг руу хийх урт хугацааны нислэгийн симуляцийн хөтөлбөрийн оролцогч, мөн нисэх дуртай нэгэн аж. Кристофер Семброскигийн хувьд өмнө нь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж байсан бөгөөд хөлгийн борт инженерийн үүргийг хүлээжээ.


Нислэгийн оролцогчид буяны үйл ажиллагаанаас гадна шинжлэх ухааны зорилт тавьжээ. Багийнхан хүний ​​биед үзүүлэх жингүйдлийн нөлөөллийг судлахаар төлөвлөж байгаа бөгөөд судалгааны үр дүн нь "дэлхий дээр болон ирээдүйн нислэгийн үеэр хүний ​​эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой" гэж үзэж байгаа аж.


Холбоотой мэдээ