Уул уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-13 17:25:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт уул уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор ажлын баг гарч ажилдаа ороод байна.   

Хууль бус уул уурхайн үйл ажиллагааг зөвхөн зөвшөөрөлгүй иргэд, аж ахуйн нэгж явуулдаг биш юм. Тухайлбал нөхөн сэргээлт нэрээр зөвшөөрөл авсан ч нөхөн сэргээлтээ хийдэггүй. Мөн нөхөн сэргээлт хийх зардлаа хууль бусаар ашигт малтмал олборлоход зориулдаг. Түүнчлэн лицензтэй мөртлөө зөвшөөрөлтэй газраасаа тэлж олборлолт явуулдаг зөрчлүүд хууль бус уул уурхайн хувьд түгээмэл гардаг байна. Иймээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/265 тоот захирамжийн дагуу аймгийн МХГ-ын даргаар ахлуулсан “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх аян”-ыг энэ сарын 8-ны өдрөөс эхлүүлжээ.

Аяны хүрээнд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмал эрэх, хайх олборлох ашиглах үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн аж ахуйн нэгж иргэдийг хяналт шалгалтад хамруулах аж. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, хуулийн дагуу шалган шийдвэрлэх юм байна. Ажлын багт аймгийн МХГ, прокурор, цагдаа, тагнуул, байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газрууд хамтран оролцож байгаа аж. Ингэж хууль, хяналтын байгууллага бүрэн бүтцээрээ оролцож буй нь хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэг зөрчлийг бүрэн шийдвэрлэхэд дөхөмтэй болж байгаа юм хэмээн Сэлэнгэ аймгийн МХГ-ын дарга Д.Баттүвшин хэллээ.

Мөн тэрээр “Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг ч мөн дээрх аяны хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийнэ. Мөн иргэдээс хууль бус ашигт малтмал олборлож буй бодит мэдээ мэдээллийг авах тул иргэд тухайн сум орон нутагтай холбоотой мэдээллийг ирүүлж, байгаль орчин сүйтгэж буй хууль бус үйл явдлыг таслан зогсооход хувь нэмрээ оруулахыг уриалья” гэлээ. Ийнхүү Сэлэнгэ аймагт хууль бус ашигт малтмал олборлож буй үйл ажиллагааг бүрэн зогсоох ажил эхлэв.    

Холбоотой мэдээ