Халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байдаг гэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-13 16:54:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-өөс өнгөрөгч долоо хоногт өдөр тутам 450-600 хүнийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний 35 хүртэлх хувьд эерэг илэрц гарч байгаа нь тархварзүйн судалгааг сайн хийж, хавьтлыг эрт илрүүлсэнтэй  холбоотой хэмээн тус албанаас мэдээллээ.

Халдварын тархалт сүүлийн 7 хоногт хамгийн өндөр түвшинд хүрч, нэг хоногт 268 тохиолдол бүртгэгдэж байсан бол амралтын өдрүүдэд бага зэрэг багасах төлөвтэй байсан байна. Коронавирусний гурав дахь давлагаа эхэлсэн энэ үед бүх сумын ЭМТ-д ковидыг эмчлэх тасаг нээж, аймгийн хэмжээгээр нийт 1140 орыг дэлгэн ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 1003 орыг ашиглаж байгаа юм. БОЭТ-д 250 ор дэлгэсэн боловч 300 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна.

Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед нэн хүнд, хүнд, хүндэвтэр оноштой, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настныг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхээр төлөвлөсөн ч халдвар авсан иргэдийн ихэнх нь эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байдаг учраас ачаалал, хүлээлт үүсч байгаа аж.

Холбоотой мэдээ