Р.Төрдалай: Францад суралцсан анхны монгол сурагчид өнөөгийн найрсаг, харилцааны эхлэлийг тавьсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жил, монгол сурагчид Франц улсад суралцаж эхэлсний 95 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэхүү ойд зориулан БШУЯ болон ШУА, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС, ТЕГ-ын Тусгай архив, МҮОНТВ , БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Франц улсад суралцсан монгол оюутан, сурагчид 1926-1930” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Тус хуралд түүхийн ухааны доктор Рh.D Р.Төрдалай “Монгол оюутан, сурагчид Франц улсад суралцсан нь 1926-1930” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Францад суралцсан 2 оюутан, 4 сурагч нь хожмоо улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн ч тэд ХХ зууны Монголын хөгжил дэвшилд салбар бүрдээ үнэлж барамгүй хувь нэмрийг оруулж, өнөөгийн Францтай тогтоосон найрсаг, харилцаа хамтын ажиллагааны бодит хөрс, үндэс суурийн эхлэлийг тавьсан” гэдгийг онцлов.
Мөн хуралд МУИС-ийн
профессор Б.Алтангүл “Монгол дахь франц судлал”, докторант Ч.Батдорж “Сайд
Эрдэнэбатханы боловсролын салбарт оруулсан хувь нэмэр”, түүхийн ухааны доктор
Да.Эрдэнэбат, У.Эрдэнэбат “Герман, Францад суралцагчдын багш нарын судалгааны асуудалд: Д.Буддарь, Б.Ишдорж, Г.Далай”, түүхийн ухааны доктор На.Батболд
“Францад суралцсан монгол оюутан, сурагчдад холбогдох Тусгай архивын баримтын
тойм” сэдвээр тус тус илтгэл
хэлэлцүүлэв.
Хурлын үеэр сэтгүүлч Ч.Болдын “Алс газар сурахаар одогсод” номын нээлт болсон юм.
Монголын төр улс орноо дэлхийн жишигт дүйцэхүйц эдийн
засаг, боловсрол, соёлтой болгохыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлж байсныг
энэхүү номоос мэдэх боломжтой.
Түүхийн хуудас сөхвөл БНМАУ-ын төр засгийн бодлогоор
дунд сургуулийн боловсролтой 35 хүүхдийг 1926-1930 онд Франц, Герман улсад
сургасан бөгөөд тэдгээр хүүхдүүд хожим шинэ Монгол Улсын соёл урлаг, боловсрол,
шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болжээ.
Ардын Засгийн газрын 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны 7 дугаар сараас эхлэн Франц улсад суралцаж эхэлсэн бөгөөд тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр Парис хотноо хүргэж өгчээ. Мөн оны намар тэдгээр сурагч дээр нэмэгдэн Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар очсон агаад тэд Сорбаны их сургууль “Коллеж дэ Франс” сургуульд суралцах болсон аж. Манай сурагч оюутнууд 1926-1930 онд Франц улсын Мишле лицей, Сорбаны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцаж, өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар сургуулийг нь төгсгөлгүй эгүүлэн татсан байна. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон тэдгээр хүүхэд улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Хүүхэд залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах үйл явц 1920-иод оноос эхэлж сүүлдээ социалист орнуудад боловсон хүчнийг бэлтгэж байжээ. 1990-ээд оноос манай залуус өндөр хөгжилтэй орнуудад сурч, боловсорч байна. Миний хувьд боловсролын салбарыг удирдан ажиллаж байсан хүний хувьд Монголынхоо хүүхэд залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах ёстой, түүнийг нь төрөөс дэмжих ёстой гэж үзэж байна. Харин сурч боловсорчихоод хүүхэд залуучууд маань эх орондоо заавал ирж, эзэмшсэн мэргэжлээрээ тухайн салбартаа нэр хүндтэй ажиллаасай гэж боддог. Энэ талаар эрх зүйн өөрчлөлтүүд хийхээр ажиллаж байна. УИХ дахь Монгол, Францын парламентын бүлэг хоёр улсын найрамдалт дипломат харилцааг цаашид гүнзгийрүүлэх зорилгоор тодорхой ажил төлөвлөсөн. 2022 оны 3 дугаар сард Францад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийж байна. Манай улс болон Францын боловсрол, соёлын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Монголчууд гадагшаа, дэлхийд гарцтай олон талт, олон улстай найрамдалт харилцааг өргөжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Монголд франц хэлтэй, өндөр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх шаардлагатай байна” гэв.
Монголын хөгжил дэвшилд даацтай хувь нэмэр оруулсан тэдгээр залуусыг цөвүүн цагийн сүүдэр дайрч хэд хэд нь цаазын илдэнд өртөж бараг бүгдээрээ шорон гянданд хоригдох ял шийтгүүлснийг зохиолч энэхүү бүтээлдээ дурджээ. Тус номд дурдсан зүйл, бичмэл, гэрэл зургийн сурвалжуудыг ашиглаж музейн үзмэрийг баяжуулах, бүх шатны сургуулийн сурах бичгийг баримтаар баяжуулахад гарын авлага болох боломжтой юм.
Г.Шинэтогтох