“Хангай-21” дадлага сургууль Архангай аймагт болно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-13 08:11:27

Архангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран  зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургууль Архангай аймагт болно.

Үүний бэлтгэл ажлыг хангуулахаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Архангай аймагт ажиллаж байна. Дадлага сургуулийг энэ сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлахаар аймгийн төвөөс 4 километрийн зайд “Чингисийн хүрээ” баазыг түшиглэн сургалтын баазыг байгуулаад байна.

Тус баазад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудаас оролцох алба хаагчдыг байрлуулж, сургалт дадлагыг хийх юм.

Дадлага сургууль нь газар хөдлөлтийн гамшгийн хариу арга хэмжээг зохион байгуулах сэдвийн хүрээнд гамшгийн удирдлага, команд штабын дадлага, өндрөөс аврах олсны сургалт, давчуу орон зайн аврах сургалт, хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа болон олон нийттэй харилцах сургалт зэрэг нийт 5 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр явагдах ажээ.

Холбоотой мэдээ